Үндсэн хуулийг өөрт нийцүүлэн өөрчилсөн Ерөнхийлөгч нар
2020-06-26

Өчигдөр буюу зургадугаар сарын 25-ны өдөр ОХУ даяар Оросын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн асуудлаарх бүх нийтийн санал хураалт эхэллээ. Энэ санал хураалтын дүнгээр иргэд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг дэмжвэл 20 дахь жилдээ төр барьж байгаа Владимир Владимирович Путин дахин сонгогдох нөхцөл бүрдэх юм. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сард Төрийн думаар Үндсэн хуулинд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх үеэр Думын гишүүн Валентина Терешкова  Оросын төрийн тэргүүн 2036 он хүртэл төрийн эрхэнд байх боломжийг хангахуйц заалтыг санал болгож байв. Тэрбээр өнөөгийн ерөнхийлөгчийн хугацааг тэглэх эсвэл түүний эрх мэдлийг хоёр удаа сонгогдсоноор хязгаарласныг цуцлах санал гаргаж, энэ нь 380 гишүүний дэмжлэг авч, 43 хүн татгалзаж байсан юм.

 

Энэ үйл явдлыг ажиглагчид Оросын Ерөнхийлөгч хууль өөрчлөх замаар хугацаагүйгээр засаглах нөхцлөө бүрдүүлж байна хэмээн үзэж байгаа. Шинэ үеийн түүхэнд Үндсэн хууль болон бусад хуулийг өөрчлөн төрийн тэргүүнүүд эрх мэдлээ сунгаж байсан тохиолдол бишгүй бий. Хуучин Зөвлөлтийн орнуудын төрийн тэргүүнүүд хэрхэн эрх мэдлээ сунгаж байсан талаар өмнө нь хүргэж байсан. 

 

Путин-2036 буюу хуучин Зөвлөлтийн орнуудын тэргүүнүүд хэрхэн эрх мэдлээ сунгаж байв? 

Харин энэ удаад бусад улс оронд тохиосон жишээнүүдийг хүргэж байна.

 

Constitution Unit олон улсын нэгдлийн шинжээчдийн тооцоолсноор 1875-2011 оны хооронд үүрэгт хугацааных нь лимит дууссан төрийн тэргүүнүүдийн дөрөвний нэг орчим нь аливаа аргаар хязгаарлалтыг цуцлахаар оролдож, 20 хувь нь буюу 71 тэргүүн хүссэндээ хүрчээ. Тэд Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр батлах, Үндсэн хуулийн заалтыг үл хэрэгсэх зэргээр ийнхүү эрх мэдлээ хадгалж үлдэж байсан гэнэ.

 

Ерөнхийлөгчөөр үлдэх хүслийн давалгаа Африкт 

Африк тивийн Чад улсын тэргүүн Идрис Деби цэргийн эргэлт хийн, 1990 онд засгийн эрхэнд гарчээ. Анхандаа тэрбээр ардчилсан шинэчлэлт хийхийг оролдож, 1996 онд санал хураалт явуулан, үндсэн хуулинд ерөнхийлөгчийн хугацааг хоёр удаа,  таван жил болгосон байна. Гэвч 2005 онд түүний улиран сонгогдсон хугацаа дуусах үед тэрбээр эрх мэдлээ өгөхийг хүссэнгүй, ерөнхийлөгчөөр сонгогдох хязгаарлалтыг цуцлах олон нийтийн санал асуулга явуулжээ. Тэрбээр санансандаа хүрч, өдгөө дэлхийн хамгийн урт хугацаагаар төр барьж буй хүмүүсийн тоонд орох болсон бөгөөд ирэх 12 дугаар сард тэрбээр засгийн эрхэнд байсны 30 жилийн ой болох юм. 

 


Камеруны жишээ 

1996 онд батлагдсан Камеруны Үндсэн хуулиар Ерөнхийлөгчөөр гурвантаа сонгогдохыг хориглосон байдаг. Харин тус улсын Ерөнхийлөгч Бийя энэ нь иргэдийн сонгох эрхийг зөрчиж байна хэмээн мэдэгдэж, улмаар түүний "гарт орсон" парламент нь долоон жилийн хугацаатайгаар хоёр удаа улиран сонгогдох хязгаарлалтыг цуцалжээ.

 

Ингэснээр 87 настай Бийя Камеруныг 45 дахь жилдээ удирдаж байгаа бөгөөд 1975 оны зун төрийн эрхэнд гарч байв. 

 

Буркина-Фасо 

 

Энэ улсын Ерөнхийлөгч Блез Компаоре цэргийн эргэлтийн дүнд 1987 онд төрийн эрхэнд гарч, 27 жил төр барин, улмаар 2014 онд Ерөнхийлөгчөөр хоёроос дээш удаа улиран сонгогдохыг хориглосон Үндсэн хуулийн нэмэлтийг цуцлахаар шийджээ.

Гэхдээ Компаорег иргэд нь дэмжсэнгүй, Буркина-Фасогийн парламент хязгаарлалтыг өөрчлөхөөр санал хураах болсон өдөр нь Үндэсний ассамблейн байрыг эсэргүүцэгчид эзэлсэн байна. Улмаар Компаорег суудлаас нь түлхэн унагаж, тэрбээр Кот-д'Ивуар руу зугтжээ.

 

Конго

2015 онд Конгогийн Ерөнхийлөгч Дени Сассу-Нгессо гурав дахь удаагаа улиран сонгогдохын тулд хоёроос дээш удаа улиран сонгогдохыг хориглосон заалтыг цуцлуулахаар санал хураалт явуулжээ. Санал хураалтад оролцсон хүмүүсийн 93 хувь нь цуцлахыг дэмжсэн гэх үр дүн гарсан бөгөөд 76 настай Сассу-Нгессо 36 дахь жилдээ төр барьж байна. 

 

Венесуэл 

Америкийн империализмтэй тэмцэгч, Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес бүрэн эрхээ өргөжүүлэх, сунгах талаар гурвантаа санал асуулга явуулж байжээ. Үүнийгээ "боливарын хувьсгал"-ын үйл хэрэг, социализмыг цогцлоох үйлст хэрэгтэй хэмээн тэрбээр тайлбарлаж байв.

 

Чавесыг төрийн эрхэнд гарсны дараахан 1999 онд венесуэлчүүд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг асар ихээр өргөжүүлсэн шинэ Үндсэн хуулийн төлөө саналаа өгчээ. Энэ өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн үүрэгт хугацааг тав байсныг зургаан жил болгон өөрчилж, хоёроос дээш удаа улиран сонгогдох боломжгүй болсон байна.

 

Харин 2007 онд Чавес хоёроос дээш удаа улиран сонгогдохыг хориглосон заалтыг цуцалж, үүрэгт хугацаа зургаан жил байсныг долоон жил болгон өөрчлөх, мужуудын захирагч нар болон Төв банкыг шууд захирахаар Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах санал хураалт явуулжээ. Гэвч түүний хүсэл талаар болж, санал хураалтын ирц ердөө 56 хувь байсан ч оролцогчдын 51 хувь нь эсрэг санал өгсөн байна.

 

Энэ үед Чавес хоёр дахиа улиран сонгогдоод удаагүй байсан бөгөөд 2009 онд эрх мэдлээ хадгалж үлдэх хоёр дахь оролдлогоо хийжээ. Харин энэ удаад ихээхэн зальжин хөдөлж, бүхий л сонгуульт албан тушаалд тавигдах хязгаарлалтыг цуцлах санал гаргасан байна. Ингээд Чавес ялсан ч энэ завшаанаа бүрэн ашиглаж чадаагүй. 2012 оны сүүлээр дахин сонгогдсон Чавес 2013 онд хавдар өвчний улмаас нас барсан юм. 

 

Боливи


Капитализмтай тэмцэгч, Латин Америкийн өөр нэгэн тэргүүн бол Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес. Тэрбээр ерөнхийлөгчөөр хоёр удаа улиран сонгогдох хязгаарлалтыг цуцлуулахаар 2016 онд олон нийтийн санал асуулга явуулсан ч ялагджээ. Харин дараа нь 2019 онд нэрээ дэвшүүлэх боломжийг олгосон тогтоолыг Үндсэн хуулийн шүүхээсээ авч чадсан байна.

 

2019 оны 10 дугаар сард болсон сногуулиар түүнийг сонгуулийн дүнг луйвардсан хэмээн жагсаал цуглаан болж, орон даяар эсэргүүцлийн давалгаа тархаж, улмаар Моралес Аргентинруу зугатсан юм.

 

ОХУ: Үндсэн хуулийн өөрчлөлт буюу Путин суудлаа хадгалах боломжийг үгүйсгэсэнгүй

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин