ЭЕШ өгөхөд юуг анхаарах вэ: Азанд найдах хэрэггүй
6-29

 

 

Даваа гарагийн мэнд. Элсэлтийн ерөнхий  шалгалт  өгөх гээд сандарч байна уу? Тэгвэл шалгуулагч танд хэрэг болохуйц зөвлөгөөг хүргэе. 

 

Элсэлтийн ерөнхий  шалгалт өгөхөд юуг анхаарах вэ?  

 

  1. Сайн унтаж амар

 

Нойр хоолондоо сайн байвал ажил аяндаа бүтнэ. Шалгалтын өмнө хичээл хийж байна гээд шөнөжингөө сууж нойргүй хонох тохиолдол бий. Гэвч  шөнө тархины үйл ажиллагаа мууддаг тул үр дүнтэй байх нь ховор. Цагаа төлөвлөж эрт амраад өглөө эрт босож эргэлзээтэй зүйлсээ уншвал сайн тогтоох болно.

 

  1. Хоолоо тохируулж идэх

 

Шалгалтын өглөө хөнгөхөн өглөөний цай уух нь зөв. Хүнд хоол идвэл нозоорч нойр хүрэх гээд байдаг талтай. Бага зэргийн өлөн байхад толгой ч сайн ажилладаг тал бий. Цаашлаад болзошгүй аюулаас сэрэмжлэх нь зүйтэй.  Шалгалтын явцад гэдэс чинь эвгүйрэх, дотор эрхтний үйл ажиллагааг эвдэх,  ариун цэврийн өрөө орох шаардлага гарч мэднэ. Энэ тохиолдолд анхаарал суларч, шалгалтын үр дүнд нөлөөлөх эрсдэлтэй.

 

  1. Шалгалтын цагаасаа арван минутын өмнө очих

 

Суудлын хуваарь дээр, шалгуулагчийн  шалгалтын байранд нэвтрэх цагийг тодорхой зааж өгсөн байгаа. Тиймээс гэрээс гарахдаа заавал авч очих бичиг баримтаа дахин нэг шалгалгаад гарах нь зүйтэй. Шалгалтын байр руугаа  алхаж очихыг эрмэлзээрэй. Хэрэв шалгалтын байр алхаж очих хэмжээний ойрхон биш бол нийтийн тээвэрт суугаад буудлаасаа нэг буудлын  наана буугаад шалгалтын байр руугаа алхаарай. Эрч хүч урам зориг нэмнэ.  Гэрээс гарахдаа алхах цагаа сайн төлөвлөөрэй. Сандарч, тэвдэж шалгалтанд орох нь сайн үр дүнд хүргэхгүй.

 

  1. Өөрийгөө урамшуул

 

Шалгалтын материалаа хүлээж суухдаа амттангаар өөрийгөө урамшуулж, хүч нэм. Хар шиколад, дуртай амттангаараа өөрийгөө цэнэглэ

 

  1. Сэтгэл зүйн бэлтгэл

 

Хэрэв муу авбал гэсэн шалгалтын үр дүнгээр  өөртөө дарамт үүсгэх хэрэггүй. Өөрийгөө ялагчаар бод. Хариуцлагатай шалгалт хэдий ч боломж үргэлж байдаг гэдгийг сана. Чи чадна.

 

  1. Биед эвтэйхэн хувцас өмс

 

Зуны халуун өдрүүдэд шалгалт өгч байгаа болохоор бие хөлөрч тавгүй байдал үүсэж болно. Чөлөөтэй сул хувцас өмсөж тухтай байх нь юу юунаас илүү чухал.

 

  1. Анхаарлаа төвлөрүүл

 

Ангид байгаа шалгуулагчид, бусад асуудлын талаар бодох хэрэггүй. Зөвхөн шалгалтын материалаа анхааралтайгаар хоёр удаа уншиж дасгал ажлаа хий. Таны ирээдүй шийдэгдэх гэж байна. 

 

  1. Азанд найдах хэрэггүй

 

Шалгалтанд бэлдэлгүйгээр орж, зөв хариултыг нь буудаж өндөр оноо авна гэсэн бодлыг толгойноосоо авч хая. Хэрэв ийм бодолтой суугаа бол эртхэн долоон томъёогоо сөхөж хараарай. Азанд найдаж орсон шалгалт, азанд найдсан ирээдүйг авч ирнэ.

 

  1. Цагаа төлөвлө

 

Шалгалтын үед стрессгүй байх гол арга нь цагийн хичээлийг цагт нь хийсэн байх. Системтэйгээр шалгалтандаа бэлдсэн бол давуу тал болно. Учир нь шалгалтын материалд түүртэхгүй. Шалгалтын үеэр даалгавруудыг хийж дуусгах хугацаагаа төлөвлөж хялбараас хүнд рүү гэсэн системтэйгээр даалгавраа гүйцэтгээрэй.

 

  1. Төсөөл

 

Шалгалтаа амжилттай өгч, хүссэн сургуульдаа орсон байгаагаар  төсөөлөн бод. Айдсаа даван туул. Айдсаа даван туулах нь шалгалтаа амжилттай өгөх түлхүүр. 

 

Shuud.mn
Сонин хачин