Д.Нямхүү: Гурван хүн эдгэрч, нэг хүнд коронавирус илэрлээ
2020-07-24

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.07.24/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 15 сая 349 мянган  хүн халдвар авч,  629 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 247 мянга гаруйгаар  нэмэгдсэн байна.

 

Манай улсад  ажиглалтаас 633 хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол 36 хүн шинээр ажиглалтад  орлоо. Ажиглалтад нийт 2668 хүн байна. Коронавирусийн сэжигтэй тохиолдол  илрээгүй.119 дугаарын утсанд 148 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд  хоёр дуудлага ирсэн.

 

АНУ-д 70100 гаруй шинэ тохиолдол, 1078 нас баралт нэмж  бүртгэгджээ. Харин Бразил улсад 59900 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Тус улсын  нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр 2 сая 287 мянга гаруй болжээ. БНЭУ-д 45700 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Тус улсын нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр нэг сая 238 мянга гаруйд хүрлээ. БНСУ-д 41 шинэ тохиолдол, нэг нас баралт  нэмж бүртгэгджээ. Тус улсын  цэргийн ангид халдварын голомт үүссэнтэй холбоотой шинээр цэрэг элсүүлсэн ангиудад  шинжилгээ хийж байна.  Япон улсад 981 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. БНХАУ-д 21 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Үүнээс 15 нь дотоодын халдвар байгаа аж.

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 709 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 708 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин нэг хүнд коронавирус илэрлээ. Тухайн иргэн нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн 39 настай, Казахстаны  ачаа тээврийн жолооч  байна

 

Бусад шинжилгээг задалж хэлбэл,Сөүл-Улаанбаатар чиглэлийн хоёр удаагийн  нислэгээр  ирсэн 455 хүний  давтан шинжилгээ, Афганистанаас ирсэн 38 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор 12 хүний шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдаж байсан 12 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 20 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Орхон  аймагт тусгаарлагдаж байсан 106 хүний давтан шинжилгээ, Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байсан 65 хүний давтан шинжилгээ  байна. 

 

Сайн мэдээ гурван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ. Тухайн иргэд нь 20,21,24 настай, хоёр эрэгтэй, нэг  эмэгтэй, 17-48 хоног эмчлэгдээд гарлаа. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 288 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 217 боллоо. Харин эмчилгээнд 71 хүн байгаа. Биеийн байдлаар нь үнэлбэл 62 хүн хөнгөн, 9 хүн хүндэвтэр байна. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин