Британи: COVID-19-тэй тэмцэхийн тулд илүүдэл жин үүсгэдэг бүтээгдэхүүний сурталчилгааг хориглоно
2020-07-27

Британийн Ерөнхий сайд Борис Жонсон коронавирусийн халдвар авч эмчлүүлснийхээ дараа илүүдэл жинтэй хийх тэмцлээ нэмэгдүүлсэн гэж ВВС агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, илүүдэл жинтэй бол COVID-19 вирусийн улмаас нас барах, өвчин хүндрэх эрсдэл өндөр гэдэг нь судалгаагаар батлагдсан тул Британид эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хоол хүнсний сурталчилгааг хязгаарлахаар шийдсэн байна. 

 

Британийн эрх баригчдын онцолсноор илүүдэл жин бол тус улсын томоохон асуудлуудын нэг бөгөөд насанд хүрсэн британчуудын 63 хувь нь илүүдэл жинтэй, мөн гурван хүүхэд тутмын нэг нь таргалалт, илүүдэл жингийн улмаас бага сургуулиа орхидог байна.  Мөн илүүдэл жин, таргалалтаас үүдэлтэй өвчнийг эмчлэхэд жил бүр төсвөөс зургаан тэрбум евро зарцуулдаг аж. Таргалалттай хүмүүс коронавирусийн халдварын улмаас нас барах эрсдэл өндөр бйдаг бөгөөд илүүдэл жинтэй өвчтөнүүдийн найман хувь нь эрчимт эмчилгээний тасагт шилжсэн гэж Британийн эрх баригчид онцолсон байна. 

 

Улмаар коронавирусийн халдвартай тэмцэхийн тулд Британийн эрх баригчид илүүдэл жингийн асуудалд ч анхаарлаа хандуулахын тулд өөх тос, элсэн чихэр, давс ихээр агуулсан бүтээгдэхүүнүүдийг телевизийн суваг болон интернетээр 21:00 цаг хүртэл гаргахыг хоригложээ. Тус улсад өнгөрсөн жил хийсэн судалгаанаас харахад телевизийн сувгуудаар дамжуулж буй хоол хүнсний тухай сурталчилгааны 47,6 хувь нь тослог, амтлаг, давслаг бүтээгдэхүүнтэй холбоотой байжээ. Мөн хүүхдүүд телевизийн суваг үзэх оргил цагаар буюу 06:00-21:00 цагийн хооронд энэ үзүүлэлт 60 хувь болтол өсдөг гэнэ. Цаашлаад эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүнүүдийн сурталчилгааг бүрэн хориглох талаар авч хэлэлцэхээр Британийн эрх баригчид төлөвлөж байгаа аж. 

 

Үүний зэрэгцээ "нэгийг аваад хоёр дахийг үнэгүй ав" гэх зэрэг сурталчилгааны арга хэмжээг хязгаарлаж, элсэн чихэр, давс, тос ихээр агуулсан бараа бүтээгдэхүүнүүдийг хүний нүдэнд ил тусахаар газар тавихыг хориглож байгаа гэнэ. 

 

Түүнчлэн зоогийн газар, кафе, цайны газруудыг худалдаалж буй хоолнуудын илчлэгийн цэсэндээ бичих үүрэг өгчээ. 

 

"Турна гэдэг амаргүй л дээ. Гэхдээ багахан өөрчлөлт хийхээр шийдсэнээр бид гуалиг, эрүүл болно. Бид зоригтой алхам хийж чадвал эрүүл мэндэд учрах эрсдлийг бууруулж, коронавирусээс хамгаалж чадахын дээр эрүүл мэндийн салбарт ирэх ачааллыг бууруулах боломжтой" хэмээн Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин