Д.Нямхүү: Дөрвөн хүн эдгэрч, нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2020-07-28

 

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.07.28/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 16 сая 416 мянган хүн халдвар авч, 655 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 254 мянга гаруйгаар  нэмэгдсэн байна.

 

Манай улсын хэмжээнд тусгаарлан ажиглах байранд нийт 2487 хүн байна. Үүнээс 0-5 хүртэлх насны 175 хүүхэд,  49 жирэмсэн эмэгтэй, хорт хавдрын оноштой есөн иргэн, хөгжлийн бэрхшээлтэй 10 хүн, бусад хавсарсан эмгэгтэй 282 иргэн байгаа. Харин нийслэлд гэрийн тусгаарлалтад нийт 1096 иргэн байна. 119 дугаарын утсанд 156 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд  гурван дуудлага ирсэн.

 

АНУ-д 61700 гаруй шинэ тохиолдол, 564 нас баралт нэмж  бүртгэгджээ. Харин Бразил улсад 23200 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Тус улсын  нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр 2 сая 442 мянга гаруй болжээ.  БНЭУ-д 49900 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн. Тус улсын нийт батлагдсан тохиолдол нэг сая 435 мянга гаруй болсон байна. БНСУ-д 28 шинэ тохиолдол, нэг нас баралт нэмж бүртгэгджээ. Япон улсад 598 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. БНХАУ-д  68 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Үүнээс 64 нь дотоодын халдвар байгаа аж.

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 686 хүнд шинжилгээ хийлээ.Үүнээс 685 хүнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний шинжилгээнд  коронавирус илэрлээ. Тухайн  иргэн нь долдугаар сарын 27-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн. 

 

Бусад шинжилгээг задалж хэлбэл, долдугаар сарын 27-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн  нислэгээр  ирсэн 265  хүний  шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан есөн хүний шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдаж байсан 17 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 14 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан нэг хүний давтан шинжилгээ, Дорноговь аймагт тусгаарлагдсан 116 хүний шинжилгээ, Долдугаар сарын 08-нд ирсэн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 256 хүний гурав дахь давтан шинжилгээ, тандалтын зорилгоор хийсэн  долоон хүний шинжилгээ байна. 

 

Сайн мэдээ дөрвөн хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилал руу шилжлээ. Тухайн иргэд нь 33 настай, эрэгтэй, Беларусь улсын иргэн 66 настай, эрэгтэй, ОХУ-ын иргэн 20 настай, эмэгтэй, мөн нэг ОХУ-ын иргэн  байна. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 289 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 222 боллоо. Харин эмчилгээнд 67 хүн байгаа. Биеийн байдлаар нь үнэлбэл 62 хүн хөнгөн, 5 хүн хүндэвтэр байна. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин