Д.Нямхүү: Гурван хүн эдгэрч, хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2020-07-29

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.07.29/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 16 сая 643 мянган хүн халдвар авч, 659 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 226 мянга гаруйгаар  нэмэгдсэн байна.

 

Манай улсын хэмжээнд тусгаарлан ажиглах байранд нийт 2695 хүн байгаа. 119 дугаарын утсанд 145 дуудлага ирсэн байна.

 

АНУ-д 54400 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн бол Бразил улсад 40800 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Мөн БНЭУ-д 47700 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн байна.  БНСУ-д 48 шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ. Япон улсад 598 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. БНХАУ-д 101 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Үүнээс 98 нь дотоодын халдвар байгаа аж.

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 630 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 628 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин тусгаарлалт, ажиглалтад байсан 14, 50 настай,  хоёр эмэгтэй хүний давтан шинжилгээнд  коронавирус илэрлээ. 

 

Бусад шинжилгээг задалж хэлбэл, долдугаар сарын 10-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн  нислэгээр  ирсэн 258  хүний гурав дахь давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдаж байсан 60 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 26 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан гурван хүний давтан шинжилгээ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан таван хүний давтан шинжилгээ, долдугаар сарын 28-нд ирсэн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 262 хүний шинжилгээ, тандалтын зорилгоор хийсэн  11 хүний шинжилгээ байна. 

 

Сайн мэдээ гурван хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилал руу шилжлээ. Тухайн иргэд нь 21,22  настай эрэгтэй, эмэгтэй хүмүүс бөгөөд  16 хоног эмчлэгдээд гарлаа. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 291 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 225 боллоо. Харин эмчилгээнд 66 хүн байгаа. Биеийн байдлаар нь үнэлбэл 62 хүн хөнгөн, дөрвөн  хүн хүндэвтэр байна гэлээ. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин