ВИДЕО: 10 тулам хууль бусаар оруулахаар завдсаныг илрүүлжээ
2020-07-30

 

НОБГ, НМХГ, НЭМГ, НБОГ хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэн хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй:

 

-Нийслэлийн онцгой байдлын газар усны осол, тарваган тахал өвчин, ковидийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байна. Туул, Хэрлэн, Тэрэлж голын орчмоор өглөөний 09 цагаас оройн 21 цаг 30 минут хүртэл завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллаж аврах ажлыг гүйцэтгэж байгаа. Одоогийн байдлаар 269 хүний амь усанд эрсдэхээс аварсан. Энэ ажлыг Нийслэлийг гэр бүл хүүхэд, залуучуудын албан хаагчидтай хамтран хийж байна. Учир нь бага насны хүүхдүүд усанд осолдох асуудал их байдаг. Нийслэл рүү тарвага оруулахгүй байх хяналт хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байгаа. Алслагдсан 6 цэгт хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байгаа хэмээн мэдээлэв. 

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар өнгөрсөн хугацаанд 10 тулмыг гурван  тохиолдлоор оруулж ирэх гэж байсныг илрүүлж,  Зооноз судлалын төвд журмын дагуу хүргүүлсэн байна. Мөн авто тээврийн товчоодын цаана буюу хот орчмын нутаг дэвсгэрээс эзэн, холбогдогч нь тодорхойгүй долоон тулам олдсон. Үүнийг Зооноз судлалын төвд хүргүүлэн ариутгуулсан байна. Мөн тулам олдсон  хавь орчинг давхар  ариутгажээ. 

Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй эхний ээлжийн хүүхдийн 10 зуслангуудад урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж, усны болон хүнсний бүтээгдэхүүнээс  91 арчдас дээж авч шинжилгээнд оруулсан байна. Шинжилгээний хариу сөрөг буюу хэвийн гарчээ. 

 

Нийслэлийн эрүүл мэндийн газраас "Монгол Улсад 24 цагийн байдлаар батлагдсан 291 тохиолдол байна. Бүгд гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн. Өнөөдрийн байдлаар  ХӨСҮТ-д 67 хүн эмчлэгдэж байна. 15469 хүнийг он гарснаас хойш ажиглалтад хянасан байна.  2020 оны долдугаар сарын 29-ний мэдээгээр 8346 хүнийг гэрийн ажиглалтад авсан. Өнөөдрийн байдлаар 1233 хүн гэрийн ажиглалтад байна. Гэрийн ажиглалтын хугацаа дууссан 6981 хүн байна.  24 цагийн дотор гэрийн ажиглалтад нэмж орсон 204 хүн, гэрийн ажиглалтын хугацаа дуусч хяналтаас гарсан 81 хүн байна. Өнөөдөр өглөөний Зам тээвэр хөгжлийн яамны өглөөний найман цагийн мэдээгээр төмөр замаар 17  вагон 6686 зорчигч, авто тээврийн үндэсний төвийн 188 тээврийн хэрэгслээр 4656 зорчигч  23 таксигаар 78 зорчигч, агаарын тээврийн 7 нислэгээр 1276 зорчиг ирсэн. Үүнээс сэжигтэй тохиолдол илрээгүй.  Өнөөдрийн байдлаар нийт 2491 хүнийг тарваган тахлын дархлаажуулалтын вакцин хийсэн гэсэн мэдээллийг өглөө. 

 

НБОГ-ынхан  "Энэ долоо хоногт Улаанбаатар хотын суурьшлын бүсэд зэрлэг амьтан орж ирсэн долоон дуудлага бүртгэгдсэн. Үүний дөрөв нь бамбай хоншоорт буюу хортой могой юм. Иргэд зэрлэг амьтдыг хотын сууршлын бүсэд харсан тохиолдолд Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдээрэй" хэмээв.

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин