COVID-19: Шинэ Зеланд парламентын сонгуулиа хойшлуулав
2020-08-17

 

Шинэ Зеланд улс парламентын сонгуулиа хойшлуулахаар болсон талаар тус улсын Ерөнхий сайд Жасинда Ардерн мэдэгдсэнийг Regnum агентлаг дамжууллаа. 

 

Тус улсын нутаг дэвсгэр дээр коронавирусийн халдварын шинэ дэгдэлт гарсантай холбоотойгоор улс төрийн хүрээнд хэлэлцэн тохиролцсоны дүнд ийм шийдвэрийг гаргасан гэж Засгийн газрын тэргүүн мэдэгджээ. Ингээд есдүгээр сарын 19-нд болох ёстой байсан парламентын сонгууль 10 дугаар сарын 17-нд зохион байгуулагдахаар хойшлогдсон байна.

 

Энд дуулгахад, коронавирусийн халдварын дэгдэлт наймдугаар сарын 11-ний өдөр Шинэ Зеландад бүртгэгдсэн. Үүнээс өмнө 102 өдрийн туршид энэ улсад нэг ч халдвар бүртгэгдээгүй байна. Ингээд дэгдэлт дахин гарсны улмаас Шинэ Зеланд дахин хязгаарлалтын арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэн, бүх нийтийн сонгуулиас өмнө парламентыг тараах ажлыг наймдугаар сарын 17 хүртэл хойшлуулахаар шийдвэрлэсэн талаар тус улсын Ерөнхий сайд мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин