COVID-19: Халдвар авсан хүн 2-3 сарын дараа дахин өвчилж болзошгүй
2020-08-18

Шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчин тусаад эдгэрсэн хүн хоёроос гурван сарын дараа энэ төрлийн халдвар дахин авч болзошгүй талаар Оросын дархлаа судлаач эмч Николай Крючков анхааруулсныг Известия дамжуулжээ. 

 

Түүний өгүүлснээр дахин халдвар авах эсэх нь организм дахь эсрэг биетийн өндөр түвшин хэр удаан хадгалагдахаас хамаарах гэнэ. Зарим өвчтөнд өвчин эдгэрсний дараа эсрэг биетийн тоо маш хурдан буурч байгаа нь тогтоогдсон байна.

 

"Хоёроос гурван сарын дараа эсрэг биетийн түвшин маш бага болж байна. Ийнхүү буурч байгаагийн шалтгаан одоогоор тодорхойгүй. Харин ихэнх өвчтөнд эсрэг биетийн түвшин нилээд удаан хугацаагаар хэвийн түвшинд байна" хэмээн Крючков өгүүлжээ. 

 

Түүнчлэн коронавирусийн халдварын дэгдэлтийн хэмнэл Москва хотод буурсан ч Оросын бусад бүс нутгуудад нөхцөл байдал өөрөөр өрнөж байгааг мэргэжилтэн онцолсон байна. 

 

Энд дуулгахад, Оросын Анагаах ухааны доктор Анатолий Альштейн ханиад томууны давалгаа таарчихгүй л бол коронавирусийн халдварын хоёр дахь давалгаа харьцангуй хөнгөн байна гэж мэдэгдэж байлаа. Түүний өгүүлснээр дархлаа тогтсон хүмүүсийн давхарга хэдийнэ бий болсны дээр вирус өөрчлөгдөж, хор уршиг багатай болж байгааг онцолсон байна. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин