Аюулт өвчнийг ялан дийлсэн Рикако спортдоо эргэн ирлээ
2020-08-18

 

2018 оны Азийн наадмын шилдэг тамирчнаар тодорч явсан сэлэгч Рикако Икее тэмцээнд эргэж оролцох тухай “Киодо ньюс” уламжиллаа. Японы 20 настай усанд сэлэгч бүсгүй тэрбээр наймдугаар сарын 29-нд Токиогийн “Тацүми” төвд болох тэмцээний 50 метрийн өврөөр даллах төрөлд өрсөлдөх ажээ.

 

Икеед 2019 оны хоёрдугаар сард цусны хавдрын шинж тэмдэг илэрч, бэлтгэл сургуулилт, уралдаан тэмцээнээ бүрэн зогсоогоод байв. Нихон их сургуулийн оюутан тэрбээр “Жакарта-2018” Азийн наадмаас зургаан алт, хоёр мөнгөн медаль хүртэж олныг шуугиулсан билээ. Улмаар түүнийг “Токио-2020” олимпоос олон медаль зүүх тамирчдын тоонд багтааж байлаа. Харамсалтай нь аюулт өвчний эсрэг тэмцэж, арван сарын турш эмчлүүлсэн юм. Рикако Икее 2019 оны арванхоёрдугаар сард эмнэлгээс гарч, энэ оны гуравдугаар сараас л бэлтгэлдээ орсон байна. Олон нийтийн сүлжээнд бичсэнээр бол түүний зорилго нь “Парис-2024” олимпод оролцох гэжээ.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин