Ж.Мөнхбат: Боловсролын зээлийн сангийн мөнгийг танахгүй, нэмэгдүүлэх хэрэгтэй
2020-08-18

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов. 

 

 

Хуралдааны эхэнд Байнгын хороооны дарга Ж.Мөнхбат Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан УИХ-ын анхдугаар чуулганы хуралдааны эхний өдрөөс мөрдөж эхэлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хуралдаандаа хүрэлцэн ирсэн болон ирээгүй  гишүүдийг сонгогдсон тойрог, нэрээр нь танилцуулах заалтын дагуу хуралдаанд хүрэлцэн ирсэн гишүүдийг танилцууллаа.  

 

Ингэснээр хэлэлцэх асуудалдаа орж, эхлээд Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.  

 

Төслийн талаарх илтгэлийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Танилцуулгадаа … дурьдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр нэгдсэн төсвийн нийт орлого  10.7 их наяд төгрөг, нийт зарлага 14.6 их наяд төгрөг, төсвийн алдагдал 3.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэхээр байгааг тэмдэглэлээ. 

 

Гишүүн Э.Бат-Амгалангийн гаргасан Төсөл арга хэмжээний нэр өөрчлөх буюу Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд цэцэрлэгийн барилга худалдаж авах гэснийг Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд цэцэрлэгийн барилга барих гэж өөрчлөх саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80.0 хувь нь дэмжлээ. 

 

Гишүүн Ё.Баатарбилэгийн гаргасан Боловсролын зээлийн сангийн хөрөнгө оруулалтын урсгал зардалд 8.8 тэрбум нэмэгдүүлж, Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцаас буюу салбарын хөрөнгө оруулалтын санхүүжих дүнгээс мөн хэмжээний мөнгийг хасах гэснийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60.0 хувь нь дэмжлээ. 

 

Тус байнгын хорооны дарга Ж.Мөнхбат: 

 

-Энэ цар тахлын үед олон мянган айл өрхийн орлого буурсан, хүнд байгаа. Сурлагын дүн үзүүлэлт нь сайн байгаа оюутнуудад 10 жилийн барьцаатай, хүүгүйгээр зээлээр сургах бодлого хэрэгжүүлсэн. Сургалтын төлбөрөө яах вэ гэдэг асуудал одоо урган гарч байна. Тийм  учраас Боловсролын зээлийн сангийн мөнгийг бууруулахгүй, харин ч нэмэгдүүлэх нь манай байнгын хорооны үүрэг гэлээ. 

 

Ийнхүү Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг дуусгаж, гишүүн Г.Амартүвшин хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар боллоо. 

 

    Дараа нь “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав. 

 

  Хуулийн төслийн талаарх танилцуулгыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн хийлээ. Танилцуулгадаа, Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчийн нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 1 их наяд 784.8 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, урсгал зардалд 1 их наяд 178.8 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 559.0 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Улсын төсвөөс 1 их наяд 778.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 5.8 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн гэлээ. 

 

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж үргэлжлүүлэн Үндэсний аудитын газраас хийсэн санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд  хийсэн аудитын талаар танилцуулав. Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал Ц.Наранчимэг танилцуулгадаа, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын /хуучин нэрээр/ эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 121 санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 97 байгууллагад дүгнэлт гаргаж, 19 байгууллагыг түүвэрт хамруулж, 4 байгууллагад итгэл үзүүлж, 1 байгууллага аудитад хамрагдаагүй байна. Дүгнэлт гаргасан 97 байгууллагаас 81 байгууллагад “Зөрчилгүй”, 13 байгууллагад “Хязгаарлалттай”, 2 байгууллагад “Сөрөг”, 1 байгууллагад “Санал дүгнэлт өгөхөөс татгалзсан” дүгнэлт өгсөн. Аудитаар нийт 131.3 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 50.7 тэрбум төгрөгийн алдааг залрууллаа.  

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын /хуучин нэрээр/ эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн гэв. УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Н.Учрал нар Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авлаа.  

 

 

 

 

Ийнхүү “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн  хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж дууссанаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд танилцуулахаар тогтов.

Shuud.mn
Сонин хачин