А.Амбасэлмаа: Хоёр хүн эдгэрч, 709 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй
2020-08-21

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.08.21/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл  нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 22 сая 490  мянган   хүн халдвар авч, 790 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 239 мянга гаруйгаар  нэмэгдсэн байна. 

 

Манай улсад ажиглалтаас 281 хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол 70 хүн шинээр ажиглалтад  орлоо. Ажиглалтад нийт  2770 хүн байна. 119 дугаарын утсанд 172 дуудлага ирсэн байна. 

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 709 хүнд шинжилгээ хийлээ.   Коронавирус илрээгүй. 

 

Эдгээр шинжилгээг задалж хэлбэл,  энэ  сарын 05-нд Сиэтл-Улаанбаатар чиглэлийн  нислэгээр  ирсэн 249 хүний  давтан шинжилгээ, эн сарын 07-нд Шинэ Дели -Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 179 хүний давтан шинжилгээ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 49 хүний шинжилгээ, ажиглалтад байгаа есөн  хүний давтан шинжилгээ,  Алтанбулагийн боомтоор орж ирсэн 19 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ,  тандалтын зорилгоор авсан зургаан хүний шинжилгээ, Замын-Үүд боомтоор энэ сарын 09-нд орж ирсэн 99 хүний шинжилгээ, энэ сарын 18-нд орж ирсэн 105 хүний шинжилгээ  байна.

 

Сайн мэдээ хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд  шилжлээ. Эдгээр хүмүүс нь 42 настай эрэгтэй, 50 настай эмэгтэй хүн байна. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 298 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 283 боллоо. Нийт эдгэрээд гарсан 283 хүний 28 нь сувиллын ажиглалт тандалтад байгаа бол 38 хүн гэрийн ажиглалт тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 217 хүн байна.

 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 15 хүн эмчлүүлж  байгаа. Биеийн байдлыг нь үнэлбэл, 13 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна гэлээ. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин