Мексик Оросын вакциныг туршина
2020-08-21

ОХУ клиникийн туршилтад оруулахаар "Спутник V" коронавирусийн халдварын эсрэг вакцины 2000 тунг Мексик рүү илгэээхээр болсон талаар Мексикийн Гадаад хэргийн сайд Марсело Эбрард мэдээлснийг Вести дамжууллаа.

Гадаад хэргийн сайдын мэдээлснээр Оросын вакцин есдүгээр сард нийлүүлэгдэх бөгөөд вакцин хүлээн авсан даруйдаа Мексик клиникийн туршилтын гурав дахь шатыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

 

"Бид Оросын талтай хэлэлцээ хийж байна. Мексикт туршиж эхлэх 2000 тун вакцин эхний ээлжинд авах санал тавьсан. Энэ бол маш сайн мэдээ" хэмээн Мексикийн гадаад хэргийн сайд Марсело Эбрард мэдэгджээ. Оросын вакцинаас гадна Хятадад үйлдвэрлэсэн хоёр вакцин, Америкийн нэг, Англи-Францын хамтарсан үйлдвэрийн нэг гэсэн өөр дөрвөн вакцины туршилтын гурав дахь шатыг Мексикт хэрэгжүүлэх юм байна.

Энд дуулгахад, Мексикт цар тахал дэгдсэнээс хойш коронавирусийн халдварын тохиолдол 544 мянга бүртгэгдсэн бөгөөд үүнээс 372 мянган хүн эдгэрч 59 106 хүн нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин