Ж.Мягмар: Төсвийн зардлаар 5087 хүүхдийг хувийн цэцэрлэгт хамруулна
2020-08-21

 

Өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хуралд Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар оролцож сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагааны зохицуулалтын талаар мэдээлэл хүргэлээ.

 

Тэрбээр, Коронавирусийн халдварын энэ үед ихэнх улс орнууд хичээл сургалтын үйл ажиллагаагаа зогсоосон. Монгол Улс нэгдүгээр сарын 27-ноос хойш долоон сарын хугацаанд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаа зогсоосон. НҮБ-аас хичээл сургуулийн үйл ажиллагаагаа тодорхой дэглэмийн хүрээнд үе шаттайгаар нээх зөвлөмжийг гаргасан. Өнөөдрийн байдлаар дэлхийн 26 улс орон хичээл сургуулийн үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Монгол Улс энэхүү зөвлөмжийн дагуу цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг есдүгээр сарын 01-нээс эхлүүлэхээр УОК-оос Засгийн газрын хуралдаанд танилцуулж бэлтгэл ажлыг хангаж байгаа. Бэлтгэл ажлын хүрээнд ЭМЯ, ХӨСҮТ, УОК, ОБЕГ, МХЕГ зэрэг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын хамтын оролцоотойгоор цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхэд ямар дүрэм журмыг баримтлах талаар Боловсролын сайдын баталсан түр журмыг хэрэгжүүлэх ажил хийгдээд явж байна. Тиймээс дараах хэдэн хэдэн зөвлөмжийг гаргасан.

 

  • Нэг бүлэгт байх хүүхдийн тоо 20-25 байх.
  • Цэцэрлэг  өмнө нь мөрдөгдөж байсан цагийн  хуваарийн дагуу ажлын таван өдөр ажиллана.
  • Гэр-Цэцэрлэг маршрутыг мөрдөх, олон нийтийн газар  бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх.
  • Цэцэрлэгийн анги танхимд амны хаалт хэрэглэхгүй. Цэцэрлэгийн байр луу нэвтрэхэд халуун хэмжиж, гар ариутгаж оруулна.
  • Эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт явуулах нь эрсдэлтэй гэж үзвэл хүүхдээ цэцэрлэгт явуулалгүй гэртээ байлгах. Хүүхдийн хөгжлийг нь дэмжих  теле хичээлүүд есдүгээр сарын 01-нээс  гарна.

 

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлж байгаа гэдгийг анхаараарай. Өнгөрсөн жил 3-4 настай хүүхдүүдийг бүгдийг нь цэцэрлэгт хамруулж чадаагүй. Нийт хүүхдийн 84,2 хувийг цэцэрлэгт хамруулсан. Энэ жил УОК, Засгийн газарт танилцуулахдаа нэг бүлэгт байх хүүхдийн багасаж байгаа учраас өмнө нь явж байсан 3-4 настай хүүхдүүдээ хамруулаад орон тоо нөхцөл боломж байвал зорилтот бүлгийн хүүхдүүдийг нэмж бүртгэх чиглэлийг сайдын журамд тусгасан.

 

Төрийн бус өмчийн цэцэрлэгийн  сул орон зайг  ашиглаад 5087 хүүхдийг хувийн цэцэрлэгт төрийн өмчийн зардлаар авах. Мөн анги танхимын хүрэлцээ тааруу байгаа зарим цэцэрлэгүүдэд зориулалтын барилга түрээсэлж ажиллах зэрэг ажлууд Нийслэлийн боловсролын газрууд, аймгуудаас мэдээлэл авч,  зохион байгуулалтын ажлууд хийгээд явж байна.

 

Эхний ээлжинд таван настай хүүхдүүдийг 100 хувь хамруулна. Эцэг эхчүүд  харьяаллынхаа дагуу сургах тойрогтоо хүүхдээ бүртгүүлээрэй. 

 

Сайдын тушаалаар баталсан  түр журамд хоёр настай хүүхдийг цэцэрлэгт элсүүлэхгүй. Гэр бүлийн орчинд хөгжлийг  нь дэмжинэ гэж тусгасан. Тиймээс гурван нас хүрээгүй хүүхдийг хүлээж авах боломжгүй. Үүнийг мэргэжлийн хяналтын газар шалгах эрхтэй гэв.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин