Байден: Чинээлэг хүмүүсийн татварыг нэмэхэд бэлэн
2020-08-24

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй Жо Байден сонгуульд ялвал жилд 400 мянган ам.доллараас дээш орлоготой хүмүүсийн татварыг нэмэхэд бэлэн хэмээн мэдэгджээ. Харин үүнээс доош хэмжээний орлоготой хүмүүсийн татварыг нэмэхгүй хэмээн тэрбээр онцолсон байна. 

 

"Би 400 мянган ам.доллараас дээш орлоготой хүмүүсийн татварыг нэмнэ. Яагаад вэ гэж үү? Яагаад гэвэл тэд эдийн засгийн үүрэг хариуцлагынхаа хувийг төлөх ёстой. Би хэнийг ч шийтгэхгүй. Баян хүмүүс болон корпорациуд шударгаар хувь нэмрээ оруулах ёстой" хэмээн Жо Байден мэдэгдсэнийг ВВС дамжууллаа.

 

 

Энд дуулгахад, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2020 оны 11 дүгээр сарын гуравны өдөр болно. Энэ сонгуульд Бүгд Найрамдах Намаас өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трамп, Ардчилсан намаас АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Жо Байден нар нэр дэвшиж байгаа бол нэрт рэпер Канье Уэст сонгуульд нэр дэвшихээ зарлаж байсан нь олны анхаарлыг ихээр татсан юм. Түүнийг анхлан энэ талаар мэдэгдэхэд олон нийт наргиан гэж хүлээж авсан ч тэрбээр Нью-Жерси мужид сонгуульд өрсөлдөх хүсэлтээ гаргаж байв.

 

Харин наймдугаар сарын 23-ны өдөр тэрбээр Луизиана мужид сонгуульд өрсөлдөх хүсэлтээ гаргасан байна. Энэ мужид нэр дэвшигчдийн жагсаалтад нэрээ оруулахын тулд олон мянган гарын үсэг цуглуулах шаардлагагүй, ердөө л 500 долларын хэмжээтэй бүртгэлийн хураамж төлөхөд хангалттай байдаг аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин