Хичээлийн шинэ жилийн нээлтийг контентоор хүргэж болно
2020-08-25

 

ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хуралд БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир оролцож  өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтын үйл ажиллагаа эхлүүлэх болсонтой холбоотой бэлтгэл ажлын талаар мэдээлэл хүргэлээ.  Тэрбээр,

 

Өнөөдрийн байдлаар нийслэлийн есөн дүүрэг, 13 аймгийн 19900 багш өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургуулийг эхлүүлэх  болсонтой холбоотой   чиглүүлэх сургалтад хамрагдлаа. Энэ сарын 24-27-ны өдрүүдэд үлдсэн найман аймаг сургалт зохион байгуулна.

 

Энэ хичээлийн жилд нийслэл болон зургаан аймагт нэгдүгээр ангийн сурагчдын  элсэлтийг 100 хувь цахимаар зохион байгуулж байна. Зарим сургуулиуд бие даан цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа. Нийт 377 сургууль цахим хэлбэрээр нэгдүгээр ангийн сурагчдын элсэлт бүртгэлийг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар нэгдүгээр ангийн элсэлт хөдөө орон нутагт 54 хувь, нийслэлд 60 хувьтай байгаа.

 

Нэгдүгээр ангийн элсэлт бүртгэлийн үйл ажиллагааг наймдугаар сарын 28-нд дуусгавар болгож, эцсийн дүн  мэдээг гаргана. Мэргэжлийн багш нарын сул орон тооны захиалгыг зургадугаар сард албан ёсоор авсан. Нийт 3069 багшийн сул орон тоо байгаа гэсэн мэдээлэл байна. Багш хөтөлбөрөөр 2350 орчим оюутан суралцаж төгссөн. Өнгөрсөн жилийн нөөцөд 680 гаруй багш байсан. Эдгээр өдрүүдэд аймаг нийслэлд сул орон тоонуудад сонгон шалгаруулалт явуулж байгаа. Мэргэжлийн багшийн хангалт 90,3 хувьтай байна. Энэ сарын 28 гэхэд сул орон тоон сонгон шалгаруулалтыг хийж дуусгана. Хамгийн эрэлттэй сонгон шалгаруулалтад бага ангийн багш, математик, гадаад хэл, хөгжим, хими биологийн багш  байна.

 

Сурагчийн дүрэмт хувцсыг нийслэл орон нутгийн 140 борлуулах цэгт борлуулалт хийж байгаа. Албан ёсны тохирлын гэрчилгээтэй давхардсан тоогоор 66 компани байна. Дүрэмт хувцасны  нөөц хангалттай байгаа. Сурах бичгийн түгээлт аймаг нийслэлийн боловсролын газруудад 100 хувь хүргэгдсэн. Сургуулиудад хуваарилах ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ долоо хоногт багтаагаад нөхөн хангалтын сурах бичгийг сургуулийн номын санд хүргэх, номын сангаас есдүгээр сарын 01 гэхэд сурагчдын гарт хүргэх ажлыг хангуулна.

 

Хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор наймдугаар сарын 21-ний байдлаар нийт сургуулиудын 89 хувь нь 1-2 удаагийн халдваргүйжүүлэлт хийсэн байна. Есдүгээр сарын 01 гэхэд гурав дахь удаагийн халдваргүйжүүлэлт хийж сургуулийн бэлэн байдлыг хангана. Ерөнхий боловсролын сургуулиудад н ийт 2160 гар угаалтуур нэмэгдүүлсэн. Нэг угаалтуурт ногдох хүүхдийн тоо 46 байна. Цаашид дэд бүлгээр хичээллэхээр энэ тоо буурна. Мөн Боловсрол шинжлэх ухааны сайдын тушаалаар гэрэл, халуун хэмжигч, ариутгалын бодисын тодорхой зардлууд батлагдсан. Ариутгалын бодисын зардлыг аймаг нийслэлийн боловсролын газрын нэмэлт санхүүжилтийн дансаар шилжүүлж шийдвэрлэнэ. Бусад нь онцгой нөхцөл учраас шууд худалдан авалт хийх зохицуулалтаар бэлтгэл ажлыг хангаж байна гэв.

 

-Хичээлийн шинэ жилийг уламжлалт хэлбэрээр зохион байгуулах уу? 

 

Хичээлийн шинэ жилийн нээлт уламжлалт хэлбэрээр зохион байгуулагдахгүй.  Есдүгээр сарын 01-нээс хичээлийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Харин хичээл сургалт эхлэхээс өмнө сургуулийн зүгээс сургуулийнхаа давуу тал, хичээлийн шинэ жилийн онцлогын талаар болон багш нарын зөвлөмж зөвлөгөөг  богино хэмжээний контент хийж  веб хуудсаараа дамжуулан хүргээрэй гэж зөвлөж байгаа.

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин