Беларусын эсэргүүцэл: Лукашенког дэмжсэн болон эсэргүүцсэн жагсаалууд болов
2020-08-26

Беларусын Ерөнхийлөгчийн сонгуулиас үүдэлтэй эсэргүүцлийн ажиллагаа тус улсад үргэлжилсээр байна. Энэ улсыг 26 дахь жилдээ удирдаж байгаа Александр Лукашенко сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсныг беларусчууд эсэргүүцэн хоёр долоо хоногийн туршид жагсаал цуглаан зохион байгуулж байгаа бол нөгөө талаас өнөөгийн Ерөнхийлөгч Александр Лукашенког дэмжсэн жагсаал ч идэвхитэй зохион байгуулагдах болсон юм. 

 

Regnum агентлагийн мэдээлснээр, Беларусын нийслэл Минск хотод байх Комаровскийн захын ойролцоо Лукашенког дэмжигчид цуглаан зохион байгуулжээ. Тэд бороо орж байсан ч төрийн далбаа барьж, чанга яригч суурилуулан, эх оронч дуунууд эгшиглүүлж байсан талаар эх сурвалж мэдээлсэн байна. 

 

Харин үүнтэй зэрэгцэн Беларусын сөрөг хүчнийг дэмжигчид Минск хотын төвд байх Тусгаар тогтнолын талбайд зөвшөөрөлгүй жагсаал зохион байгуулжээ. Сөрөг хүчний цагаан-улаан-цагаан өнгийн далбааг барьсан хүмүүс рүү хууль сахиулагчид очин, тэднийг тарахыг ятгах бөгөөд энэ үеэрээ дүрс бичлэг хийж байсан гэнэ. Жагсагчид хууль сахиулагчдын үгийг үл тоон жагсаалаа үргэлжлүүлжээ. Гэхдээ энэ үеэр цагдаагийнхан ямар нэг хүч хэрэглэсэн үйлдэл гаргаагүйг эх сурвалжууд онцолсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин