COVID-19: Тусгаарлалтын горим зөрчсөн еврокомиссар огцорчээ
2020-08-27

Худалдааны асуудал эрхэлсэн еврокомиссар Фил Хоган коронавирусийн дэгдэлттэй тэмцэх журмыг зөрчсөн талаарх шуугиан гарсны дараа албан тушаалаасаа огцрох хүсэлтээ гаргасан гэж The Irish Times мэдээлжээ. 

 

Тэрбээр Ирланд руу зорчих үеэрээ өөрийгөө тусгаарлах журмыг зөрчсөнийхөө төлөө олон нийтийн өмнө уучлалт гуйсан байна. Хоган олон нийтийн арга хэмжээнд оролцож, Ирландад ирэхдээ хоёр долоо хоногийн тусгаарлалтад ороогүй, журам зөрчсөндөө харамсаж байгаагаа илэрхийлжээ. Хэдийгээр нэг ч хууль зөрчөөгүй ч өвчлөлтэй тэмцэх зөвлөмжийг нарийн мөрдөх ёстой байсан гэж Фол Хоган цохон тэмдэглэсэн байна. 

 

Тэрбээр Европын комисст Ирландыг төлөөлөн суудаг байсан юм. Spiegel.de сайтын мэдээлснээр, Фил Хоган Ирландад байхдаа наймдугаар сарын 19-ний өдөр нэгэн зочид буудалд болсон гольф сонирхогчдын үдийн зоогонд оролцсон бөгөөд энд 80 гаруй зочин цугларсан байжээ.

 

Энэ арга хэмжээний дараа, Ирландын Засгийн газар Фил Хоганыг коронавирусийн цар тахалтай тэмцэхэд чиглэгдсэн дүрэм журмыг илтэд зөрчсөн хэмээн буруутгасан байна. Наймдугаар сарын 18-наас эхлэн тус улсад мөрдөгдөж байгаа журмаар нэг өрөө, танхимд зургаагаас дээш хүн цугларахыг хориглосон юм.
Ирландын хэвлэл мэдээллээр "гольфгейт" хэмээн нэрлэгдэх болсон дээрх үдийн зоогтой холбоотой шуугианы улмаас энэ арга хэмжээнд мөн оролцсон Ирландын Хөдөө аж ахуйн сайд Дара Каллири ч огцорчээ. 

 

Энд дуулгахад, Ирландад наймдугаар сарын 26-ны өдрийн байдлаар коронавирусийн нийт тохиолдол 28 363 болсон бөгөөд хоногт 162 тохиолдол нэмэгдсэн байна. COVID-19 вирусийн улмаас тус улсад 1777 хүн нас баржээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин