Н.Цогбадрах: Галзуугийн эрсдэлд өртөх тохиолдол буурахгүй байна
2020-08-27

 

ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн цагаар ЗӨСҮТ-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

 

ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах:

 

-ЗӨСҮТ-өөс Хонконг, Истанбул, Франкфурт,  Сөүл, Токио зэрэг таван хотоос тусгай үүргийн онгоцоор ирсэн 1471 иргэнд халдваргүйжүүлэлтийн тусламж үйлчилгээ үзүүллээ. Мөн онгоц, тээврийн хэрэгсэлд эцсийн халдваргүйжүүлэлт хийж, коронавирусийн халдвар тархахаас сэргийлэн ажиллаа. Мөн ЗӨСҮТ-ийн лабораторид 1040 иргэдээс сорьц цуглуулж шинжилгээ хийлээ. Иргэдэд зөвлөгөө өгөх утсанд 25 дуудлага ирсэн. Мөн коронавирусээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг бүхий л хэлбэрээр явууллаа.

 

Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан  иргэд сургууль цэцэрлэгийн удирдлагууд эмч багшийн болон эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөгөөг чанд биелүүлж хариуцлагатай байхыг анхааруулж байна.

 

Мөн тарваган тахал, галзуу, хумхаагийн дуудлага ирж байна. Наймдугаар сарын 24,25-нд баруун таван аймагт мэргэжлийн хяналт, онцгой байдал,  эрүүл мэндийн байгууллагуудыг хамруулсан тарваган тахлын дэгдэлтийн дараах үнэлгээ хариу арга хэмжээ, сургамж гэсэн дадлага сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 100 гаруй хүн хамрагдсан. Үүгээр тайван цагт иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох хандлагыг өөрчлөх, сэжигтэй буюу өвчин батлагдсан тохиолдолд эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах, салбар хоорондын ажиллагааг нягт уялдуулж, сургалтыг оновчтой зохион байгуулах чиглэлээр сургалт зохион байгуулсан.

 

Сургалт сурталчилгаа бүхий л чиглэлээр хийж байгаа ч зарим иргэдийн хариуцлагагүй байдалтай холбоотой тарваган тахлын эрсдэлд өртсөн тохиолдол буурахгүй улмаар бусдыг эрсдэлд оруулах хөл хорио тогтоох хэмжээнд хүртэл ажлууд гарч байна. Тухайлбал, Өвөрхангай аймагт нэг гэрийн гурван иргэн тарвага идсэн, цустай суулгасан бөөлжсөн, халуурсан, гэсэн өгүүлэмжтэйгээр мэдээлэл өгсөн. Үүний дагуу бүх сорьцыг цуглуулж шинжилгээ хийхэд, эхний байдлаар үгүйсгэгдэж байна.

 

Иргэд ходоод гэдэсний хямрал, нойр булчирхайн үрэвсэл гарч байгаа нь түүхий эд эрхтэн хэрэглэснээс болж магадгүй. Нөгөө талаар их дээд сургуулийн үйл ажиллагаа  эхэлж байгаатай холбоотой суурин газар луу чиглэсэн хөдөлгөөн нэмэгдэж байгаа. Энэ үед тарвага, түүний   эд эрхтэнг тээвэрлэн орж ирэх асуудлыг таслан зогсооход онцгой анхаарах хэрэгтэй. Хувь хүний эрүүл мэнд бусдаас хамаарч байгаа. Хэдийгээр өөрөө заавар журмыг биелүүлж байгаа ч бусдад хяналт тавихыг уриалж байна.

 

Орон нутагт тарваган тахлыг хянах чиглэлээр ажлуудыг маш сайн хийж байгаа. Говь-Алтай аймагт "Хавх" арга хэмжээг зохион байгуулж хориотой ан хийхэд ашигладаг  300 хавхыг хурааж авчээ. Мөн иргэд хориотой ан хийж байгаатай холбогдуулан олон зөрчлийг илрүүлж мөнгөн торгууль авч ажиллаж байгаа. 

 

Мөн хумхаагийн нэг тохиолдол гарч батлагдсан. Мөн галзуугийн  эрсдэлд өртөх тохиолдол буурахгүй байна. Иргэд хөдөө явахдаа задгай майхан, хээр гадаа хонохдоо болгоомжтой байхгүй бол галзуугийн эрсдэлд өртөж амиа алдсан эмгэнэлтэй тохиолдол гарсан. Дорнод аймгийн Халхгол суманд ажлаар явж байгаад доргонд хазуулсан. Доргыг эрүүл мэнд, мал эмнэлгийн байгууллагынхан авч тархинд нь шинжилгээ хийхэд галзуу өвчтэй болох нь нотлогдсон. Вакцин эмчилгээнд хамрагдаж байгаа. Иргэд ямар нэг амьтанд ноцуулах, шүлсдүүлсэн тохиолдолд эмнэлэгт яаралтай хандаж, таван удаагийн вакцинжуулалтад бүрэн хамрагдаж, эмчилгээ хийлгэх шаардлагатай. Галзуугийн өвчлөл 100 хувь нас бардаг аюултай өвчин. Иргэд та бүхнийг хариуцлагатай байхыг уриалж байна гэв.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин