Нуугдмал Шагжтай, ногоон байцаатай номын нээлт
2020-08-28
Гэрэл зургийг "Эгэлгүй Монгол жаалууд" фэйсбүүк хуудаснаас ашиглав

 

Үсээ хусуулж, үүргэвчээ үүрсэн дөрвөн залуу “Эх орноороо эко аялъя” уриан дор нэгдээд Дорно зүгийг зорьсон аяллаас бүтсэн “ЭГЭЛГҮЙ МОНГОЛ ЖААЛУУД  аяллын тэмдэглэл номын нээлт   энэ сарын 26-нд  боллоо.

 

Дөрөө нийлсэн дөрвөн халзан Экологийн цагдаагийн албаны байгаль хамгаалах элчүүд. Тэднийг Шагж, Жак, Базараа, Түшиг гэнэ.

 

Энэ этгээд, сонин гэмээр дөрвөн нөхрийн номын нээлтийн “Dress code” нь ч гайхам. Углааш, шорт, футболк. Эхлээд Б.Базараа энэ хувцаслалтынхаа талаар “Та бүхнийгээ үл хүндэтгэсэн хэрэг биш. Бид аяллын хувцаслалтаа илэрхийлсэн төдий” гэж ярилаа. Харин номын нээлтэд ирсэн залуус монгол дээлээрээ гоёж ирсэн нь гоёхон байв.

 

Номын зохиолчдын нэг Ч.Ганжавхлан:

 

Гэрэл зургийг "Эгэлгүй Монгол жаалууд" фэйсбүүк хуудаснаас ашиглав

 

“Бид нэг л өдөр ширээ тойрон сууж байгаад аялалд гарахаар шийдэж, үсчинд орж үсээ хусуулаад гарсан. Дөрвөн залуу 20 хоногийн хугацаанд байгаль,  өв соёлыг таньж мэдсэн аялал болсон гэсэн юм. Тиймээс бид энэ номыг уншаад эх орноороо  аялаасай гэж хүссэн. Энэ бол ганцхан сарын дотор  аялаад гаргасан ном биш. Өнгөрсөн найман жилийн эрэл хайгуулын үр дүн. Бид номоо эх орныхоо өв соёлыг таньж мэдээсэй гэдэг үүднээс бичсэн. Бас уйтгартайгаар биш хөгжилтэйгээр уншаасай гэж хүссэн. Номыг минь бүтээхэд тусалж дэмжсэн найзууддаа баярлалаа” гэлээ.

 

Номын нээлтэд ирсэн хүмүүс дунд өнөөх үл үзэгдэгч ШАГЖИЙГ харах хүсэлтэй нь цөөнгүй байв. Гэвч ШАГЖ ГЭЛЭН “нууц ноёнтон” хэвээр үлдсэн. Харин Шагжийн гарын хуушуурыг амтлах боломж олдсон юм. Номын нээлтийн өмнө хонины махтай юу эсвэл үхрийн махтай юу, 300 ширхэг хуушуур байхад болох уу гэж нэг бүрчлэн асууж байсан Шагжийн сэтгэл шингээж хийсэн хуушуурны амт гэж ванли. Тэр өөрөө хийсэн үү, Удаан эхнэр нь хийсэн үү гэж эргэлзмээр амттай байсан.

 

Гэрэл зургийг "Эгэлгүй Монгол жаалууд" фэйсбүүк хуудаснаас ашиглав

 

Экологийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг номын нээлтэд оролцож ирээдүйгээс зээлж авсан эх орноо хайрлаж хамгаалж эко аялахыг уриалж, номын зохиолчдод талархаж буйгаа илэрхийлсэн юм. 

 

Үүний дараа ковер дуучин Анук, Очмаа нар ая дуу өргөж, Сүнс хамтлагийн "Амраг хосын нүд адилхан байдаг" дууг чихнээ урласан. Үргэлжлүүлэн"Маргаашийн нар луу хамт аялах уу" дууг эгшиглүүлэв. Энэ үед хажууд зогсоо танихгүй нэгнээс “Маргааш гараад эх орноороо хамт аялах уу” гэж асуугаад “Тэгье” гэж дэмжвэл гараад жийчихмээр дэврүүн сэтгэгдэл төрж зогслоо.

 

“Эгэлгүй Монгол жаалууд” фэйсбүүк хуудсын топ дэмжигчдэдээ "Эгэлгүй Монгол жаалууд"  номын дээж, "Бигэр" дарс, ногоон байцааны хамт бэлэг болгож номын нээлтийн үйл ажиллагаа өндөрлөсөн юм.

 

Гэрэл зургийг "Эгэлгүй Монгол жаалууд" фэйсбүүк хуудаснаас ашиглав

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин