Урлагийн цаана гэгээрэлд хөтлөх “эрдэнэс” нуугддаг
2020-08-28

 

Түгжрэл дундаас унаа баригдахгүй бараг нэг мөч хүлээв. Зүсэр бороо балрах шинжгүй нь норсон ч яахав эртхэн харих минь гээд Гандантэгчинлэн хийдийг зүглэн алхав. Гандангийн архан талд алхаж явтал чангаар хөгжим яваад эхэллээ. Бороо түр зогсох зуур тоглолтоо хийх гэсэн бололтой намжихтай зэрэгцэн ая эгшиглэж байна. “Аан энд “Соёлын цаг”-тай юм байна” хальт сонирхоод өнгөрье гэж бодон очихоор боллоо. Хавь ойр яваа хүмүүс алхаагаа түргэсгээд миний чиглэсэн зүг гэлдрээд байх шиг.

 

Манайхан ийм гоё аян өрнөж байхад үзэхгүй байх вий дээ, үзэх хүнгүй бол уран бүтээлчдэд урамгүй байх, энэ хавиас хүн дагуулаад очъё гэж бодон ойр орчмоо харав. Хажууханд хоёр эмэгтэй сугадалцан яваа харагдана. Тэднээс “та хоёр тоглолт үзэх нь үү”  гэж асуухад “Юун тоглолт?” гэв. “Соёлын цаг” аяны талаар тайлбарлан өдөр бүр урлаг соёлын тоглолтыг иргэдэд хоёр сарын хугацаанд үнэгүй хүргэж, уламжлал соёлоо хадгалахыг зорьж буй шинэ байгуулагдсан Соёлын яамны бодлого гээд тайлбарлан хэлтэл “Ийм гоё юм болж байгаа юм уу, тэгвэл хоёулаа зүгээр байхаас үнэгүй тоглолт үзье ” гээд нэгнээ уриалж байлаа. Энэ эмэгтэйг Л.Эрдэнэчимэг гэдэг.

 

Урлаг, соёл дэлгэрч хүмүүсийн дотоод сэтгэлд хүрээсэй, үнэн сэтгэлээсээ урлагийг ойлгосон хүн муу зүйлийг хийж чаддаггүй зөөлөн сэтгэлтэй байдаг гэж яриагаа эхлээд мөн чанарын талаар ч аминчлав. Өвөг, дээдсүүд маань улсаа яаж хайрлан эв, нэгдэлтэй байх, зөв ёс суртахуунтай амьдруулах вэ гэдгийн “урлаг” гэдэг соёлоор шийдэж өвлүүлсэн.

 

Урлагийг нарийн мэдрэхгүйгээр зүгээр л дууны үгийг цээжилж дагаж дуулдаг, ая хөглөхөөр бүжиглэдэг хүмүүс олон. Стресс ядаргааг тайлах нэг хэлбэр байж болох ч үнэн хэрэгтээ урлагийн цаана гэгээрэлд хөтлөх “эрдэнэс” нуугддаг. Энэ мөн чанарыг ойлгоогүй хүмүүс л өнөөгийн нийгэмд сүүдэр татаж яваа даа. Ийн өгүүлэхийг нь сонссоор Гандангийн урд талбайд ирлээ. Энд ирэх болгонд бөөн бөөн тагтаа будаа идэж байдаг бол энэ удаад эсрэгээрээ хүмүүс тоглолт үзэхээр хуржээ.

 

“Соёлын цаг” аян Улаанбаатар хотын 24 цэгт тоглолтоо туурвиж байгаагийн нэг нь Баянгол дүүгийн 16-р хорооны нутаг буюу энэ цэг аж. Бүүдгэр энэ өдөр хүмүүс шүхрээ хумин зогсоно. Харин Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгынхан жавхаалаг цэргийн өмсгөлөө өмсөж тэвхгэр мөр, цэмбэгэр гутлаа гайхуулцгаах нь тэр хавьдаа гэрэл нэмнэ.

 

Тэнд байх хүмүүс:“Хамгийн сүүлд хэзээ тоглолт үзсэн бэ” гэж асуувал ихэнх нь оны өмнө үзсэн, санахгүй байна, ноднингийн наадмын цэнгүүнээс хойш үзээгүй гэцгээв. Чанга хөгжим сонсолгүй удсан байна. Хөгжим явахаар нь догдлоод гэрээс сандлаа аваад ирлээ гэв.

 

Ая зогссон ч сэтгэлээр “дэмнүүлсэн” нь...

 

Дуучид ээлжлэн дуулж, бүжигчид нь “Хилчний нэг өдөр” бүжгээ бүжлээ. Халамцуу үзэгчид нь тэднийг даган хөдөлж, хол байгаа нэгэндээ дүрст бичлэгээр тоглолтыг сонинхуулж, харин зарим нь бичлэг хийж байв.

 

Нэгэн дуучин “анхны уран бүтээлийн минь эхний сонсогчид та нар шүү” гээд дууллаа. Үзэгчид нь алга ташилтыг түүнд харамгүй өгснөөр бүтээн туурвихад нь багагүй оч нэмсэн биз.

 

Гадаа тоглолтод тог цахилгаан саатах нь хэвийн үзэгдэл. Энэ удаад ч бас ХЦДБЧ-ын дуучин, дэд ахлагч Энх-Амгалан “Эрчүүд” хэмээх дууны  дахилтыг дуулж байтал цахилгаан саатаж, хөгжим зогсов. “Би тайзнаас буучих уу” гэж зөвшөөрөл авсан янзтай үзэгч рүүгээ харан зогстол чуулгын хамт олон нь хамтдаа дуулаад дууг нь дуусгая аа гэж уриалаад бөөндөө дууллаа. Үзэгчид хүч нэмэн шүгэлдэж, алга ташин, түрэн дуулсаар  нэгнээ дэмжиж байхыг үзээд Эрдэнэчимэг эгчийн ярьсан “урлаг хүнийг зөөллөдөг” гэх ярианы утга энэ үед илүү тодрох шиг санагдсан бөлгөө.

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин