COVID-19: Германд амны хаалт зүүгээгүй бол 50 еврогоор торгоно
2020-08-28

Германд нэг мужаас бусад бүх нутаг дэвсгэрт иргэд коронавирусийн халдвараас хамгаалахын тулд амны хаалт зүүгээгүй бол 50 еврогоор торгуулна гэж тус улсын канцлер Ангела Меркель мэдэгджээ. Тэрбээр Германд сүүлийн саруудад халдварын үзүүлэлт өссөн гэдгийг онцлоод үүнтэй холбоотойгоор урьдчилан сэргийлэх стратегиа өөрчилнө хэмээсэн байна. 

 

DW агентлагийн мэдээлснээр Саксони-Анхальтаас бусад газарт  амны хаалт зүүлгүйгээр олон нийтийн газар зорчвол иргэдийг доод тал нь 50 евро /shuud.mn: монгол мөнгөөр 154 мянга орчим төгрөг/-оор торгохын дээр есдүгээр сарын 14 хүртэл Европын холбооноос цааш аялахаас зайлсхийх зөвлөмжийг сунгасан байна. 

 

Канцлер Ангела Меркелийн мэдэгдсэнээр, 160 орчим орон руу иргэдийг зорчихгүй байхыг анхааруулсан бөгөөд Европын холбооны бүрэлдэхүүн эсвэл Шенгений орнуудад  багтдаггүй орнуудаас ирсэн хүмүүс эрүүл мэндийн лавлагаагүй бол коронавирусийн шинжилгээ зайлшгүй өгөх аж. Шинжилгээний хариу гартал иргэд өөрсдийгөө тусгаарлах горим мөрдөх ёстой гэж канцлер онцолжээ. Одоогоор Германруу хилийн чанадаас эргэн ирсэн хүмүүс голчлон вирус тээж ирж байгаа тул Германы иргэд хилийн чанадруу аялах шийдвэр гаргахдаа хариуцлагатай хандахыг Ангела Меркель уриалсан байна.

 

Энд дуулгахад, цар тахал дэгдсэнээс хойш ХБНГУ-д коронавирусийн халдвар авсан тохиолдол 241 мянга гаруй бүртгэгдсэнээс 212 мянга нь эдгэрч, 9359 хүн COVID-19 вирусийн улмаас нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин