Д.Мөнхжаргал: Илүү гарсан 37531 угаар мэдрэгчийг агуулахад хадгалж байгаа
2020-08-28

Хүйтний ам наашилж хөхүүрийн ам цаашилж галлагааны улирал айсуй. Засгийн газрын шийдвэрийн дагуу өнгөрсөн жилээс түүхий нүүрснээс татгалзаж сайжруулсан шахмал түлшийг нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд хэрэглээнд нэвтрүүлсэн. Энэ түлшний буруу хэрэглээ, пийшин зуухны буруу галлагааны улмаас 15 халуун амь хорвоог орхисон гашуун сургамж бидэнд үлдсэн. Тэгвэл ирэх өвлийг хүний амь нас, эрүүл мэндийн хохиролгүйгээр хэрхэн даван туулах вэ? Өвөлд бид бэлэн үү?

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлш нь шаталтын үед үнэргүй, ялгарах өнгөгүй. Мөн гэрхорооллын айл өрхийн ханын пийшин, нам даралтын зуух, сайжруулсан зуух, энгийн зуухны хэрэглээ, аюулгүй ажиллагааны горим алдагдаж ан цав үүссэн. Дээр нь буруу галлагааны горим, яндан хөөлөөгүй зэрэг шалтгааны улмаас сайжруулсан түлш дутуу шатаж гэр, сууцанд угаарын хий тархаж амь хохирох эрсдэл өндөртэй гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг.

 

Энэ эрсдэлээс урьдчилан сэргийлж угаар хэмжигч төхөөрөмжийг гэр хорооллын иргэдэд нэг удаа үнэ төлбөргүй олгосон. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын гэр хорооллын 167 мянга гаруй өрх угаарын хий мэдрэгчтэй болжээ. Энэ өвөл дахин 15 мянган угаарын хийн мэдрэгчийг тараахаар бэлдсэн гэнэ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ талаар Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Улсын төсвөөс 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн 162 мянга 469 айл өрхөд угаарын хийн мэдрэгчийг суурилуулсан. Бусад айл өрхүүд цахилгаан болон бусад эх үүсвэрээс холбогдсон учраас 37531 угаар мэдрэгч илүү гарсан Онцгой байдлын газрын агуулахад хадгалагдаж байгаа. Ирэх есдүгээр сарын 7-ны өдрөөс эхлээд 9550 айл өрхөд угаар мэдрэгч тараана. Нийт 15 мянган угаар мэдрэгчийг суурилуулахад бэлэн болсон” гэв.

 

Зөвхөн мэдрэгч байгаад эрсдэлээс хамгаалахгүй. Учирч болох аюулаас урьдчилан сэргийлэхэд төр засаг, иргэд олон нийтийн хамтын оролцоо чухал байгаа учраас БОАЖЯ-наас “Яндангаа хөөлье” нэг сарын аяныг есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх гэж байна. Аяны талаар өнөөдөр /2020.08.28/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ аяны хүрээнд яндан хөөлөх зааварчилгаа, сургалт сурталчилгаа зэрэг олон ажлыг зохион байгуулах аж.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тухайлбал “Таван толгой түлш” ХХК-ийн сервес төвийн ажилтнууд гар аргаар яндан хөөлөх багжийг бүтээсэн байна. Айл өрхүүд яндангаа хуванцар зүйлээр хөөлдөг. Энэ нь эрсдэл дагуулдаг. Тиймээс гарын доорх материалаар дээрх төмөр, троссон яндан хөөлөгчийг хийж өрхийн гишүүдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалахыг зөвлөв.

 

Сүүлийн 10 жилийн хугацаанд цагдаагийн байгуулалгад угаарын хийн хордологын улмаас амь хохирсон 136 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс Улаанбаатар хотод 72, хөдөө, орон нутагт 64 хүн амиа алдсан байна. Харин өнгөрсөн онд 15 хүн угаарын хийд хордож амь хохирсон гомдол мэдээлэлд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулжээ.

 

Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И.Даваажамьян “Иргэд галлагааны улирал эхэлж байгаа энэ цаг үед яндангаа хөөлдөггүй, зуух пийшингийн засвар үйлчилгээг хийдэггүй, галлагааны үүед яндангийн хаалтаа хаагаад, зуухны амыг нээлттэй орхичихдог. Энэ мэт иргэдийн өөрсдөөс шалтгаалдаг асуудлын улмаас амь нас хохирох явдал байгааг судалгааны үр дүн харуулсан учраас иргэд маань үр хүүхэд, хань, ах дүүсийнхээ аюулгүй байдлыг хангаад “Яндангаа хөөлье” аяныг дэмжээд яндангаа хөөлж ач холбогдол өгөхийг зөвлөж байна” гэлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Яндангаа хөөлье” аяныг мэргэжлийн байгууллагуудтай хамтран улс орон даяар зохион байгуулж угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдлэг мэдээлэл түгээх, амьдралын зөв дадлыг бий болгох сургалт, сурталичилгаа явуулах аж.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Нөгөө гал гарсан айлын гадаа сельфиддэг авгай мөн биз дээ
2020-08-29
Эрдэнэтэд жорлонгийн цаас, БХЯ-нд шинелийн материал 10 жилийн хэрэглээгээр дарга шахсантай адил
2020-08-28
Зочин:
Алслагдсан хороодод угаасаа тараагаагүй шт
2020-08-28