МУЗЕЙ өсвөр үеийнхэнд гоо зүйн хүмүүжил олгоно
2020-09-02

Хичээлийн шинэ жил эхэллээ. Үүнтэй холбогдуулан хүүхэд, залууст эх оронч үзэл төлөвшүүлэх, монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэн зорилгоор есдүгээр сарын нэгнээс эхлэн  төрийн болон орон нутгийн  бүх музей18 хүртэлх насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болсон.

 

Сурагч багачуудыг хүлээж авах бэлтгэл хэрхэн хангасан талаар Монголын үндэсний музейн Боловсрол олон нийттэй харилцах, газрын дарга Ц.Оюунхишиг болон Монголын театрын музейн аргазүйч А.Янжив нараас тодрууллаа.

 

Музейн бүх танхимын үзмэрүүдийг үнэгүй үзэх боломжтой

 

-Хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзүүлэх үйл ажиллагаа  танай дээр эхэлсэн байгаа юу?

 

Монголын үндэсний музейн Боловсрол олон нийттэй харилцах, газрын дарга Ц.Оюунхишиг:

 

-Өнөөдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 18 хүртэлх насныхан үнэгүй үзэх боломжтой болсон байна. Яг одоогоор бол үйлчлүүлэгч цөөн байна.  

 

-Музейн ямар үзвэрүүдийг үнэ төлбөргүй үзэх боломжтой вэ?

 

-Музейн бүх танхимын үзмэрүүдийг үнэгүй үзэх боломжтой байгаа.

 

Цар тахлын үед хэрхэн зохицуулалт хийгдэж байгаа вэ?

 

-УОК -оос өгч буй санамж, зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлтийг цаг тутамд хийж байгаа. Цар тахлын үед нэг танхимд олноор  оруулахгүй тасалж оруулах арга хэмжээг авч эхэлнэ. Өнөөдрийн байдлаар  үзэгч багатай байгаа учир хараахан  таслах арга хэмжээ эхлээгүй байна.  Угтах үйлчилгээ үйлчлүүлэгчдийн халууныг хэмжинэ оруулна.  Танхимд  үзмэр харагч гэж бий үзмэрийн аюулгүй байдал болон   хүүхдүүдэд амны хаалтыг зүүлгэх, хоорондын зайг баримтлуулах  шаардлагыг тавин ажиллаж байна.

 

-Хүүхдүүд музейн орчинд юуг анхаарах ёстой вэ?

 

-Өөрийн зүгээс  хувийн ариун цэвэрийг сайтар  сахих, амны хаалт зүүсэн байх ёстой. Музейн ажилтны зүгээс өгч буй мэдээлэлд  анхаарлаа хандуулж заавар зөвлөгөөг анхааралтай сонсох,  бусдад саад болохгүй байх, нийтийн ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэхдээ гараа угааж ариутгах шаардлагатай.

 

-Цагийн хуваарийн хувьд?

 

-Даваагаас бямба гаригт 09:00-17:30 цагийн хооронд үзэгчидээ хүлээн авах боломжтой байна.

 

Музейн үзмэрийн тайлбаруудыг кирилл, англи, монгол бичгээр унших боломжтой

 

­­­­­­Монголын театрын музейн арга зүйч А.Янжив:

 

-Монголын театрын музей нь уран зургийн, тайзны урлагийн, театрын уламжлалын, Ардын хөгжмийн, монгол кино урлагийн зэрэг  танхимуудаар дамжуулан өнөөдрөөс    18 хүртэлх насны  хүүхдүүдэд  үнэ төлбөргүй  үйлчилж эхлээд байна.

 

Соёлын яамны энэхүү үнэ төлбөргүй үйлчлэх үйл ажиллагааг хүүхэд өсвөр үеийнхэнд гоо зүйн хүмүүжил олгоход үнэтэй хувь нэмэр орууллаа гэж баяртай хүлээн авсан. Мөн манай театрын нэг онцлог бол үзэгчдэд тайз дэлгэцийн урлагийг хүргэдэг учир монголын биет бус өвийг сурталчлах тал дээр илүү анхаарч музейн үзмэрийн тайлбаруудыг монгол бичигтэй хадмал болгосон. Кирилл, Англи, Монгол бичгээр унших боломжтой юм. Мөн үзвэрийн QR кодыг смарт утсанд уншуулснаар Англи, Монгол тайлбартайгаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бүрэн боломжтой.

 

Цар тахлын үед бидний зүгээс УОК-оос өгч буй зөвлөмжийн дагуу хоёр цаг тутамд агааржуулалт цэвэрлэгээг хийж үзэгчдийн халууныг үзэн, амны хаалтыг зүүлгэн оруулж байгаа. Үйлчлүүлэгчид музей үзэхээр ирэхдээ  өөрийн хувийн ариун цэврийг  сахиж,  амны хаалт тогтмол хэрэглэх,  хоорондын зайг барих зэрэг УОК- ын зүгээс өгч буй зөвлөмжийн дагуу шаардлагуудыг биелүүлэх ёстой.

 

Үзэгчдэд сануулж хэлэхэд манай театрын музей нь хүний нөөцийн асуудлаас хамааран 1 тайлбарлагчтай учир урьдчилж захиалгаа өгөх шаардлагатай гэлээ.

 

Цагийн хуваарийн хувьд  даваагаас бямба гаригт 09:00-19:00 хооронд ажиллаж сүүлийн үзэгчээ 18 цагт хүлээн авдаг байна.

 

Нэмж дурьдахад Монголын театрын музейгээр үйлчлүүлэгчид урьдчилж захиалга өгөхдөө 311320 гэсэн утсанд холбогдон урьдчилсан захиалга өгөх боломжтой.   

 

Ийнхүү 18 хүртэлх насны хүүхдүүд  орон нутгийн болон төрийн өмчид бүх төрлийн музейгээр тус тусын цагийн хувиарын дагуу үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой болж байгаа юм.

Л.Отгонмягмар

Shuud.mn
Сонин хачин