Шарли Эбдо 12 хүний аминд хүрсэн шог зургаа дахин нийтэлнэ
2020-09-02


 

Францын долоо хоног тутмын "Шарли Эбдо" шог сэтгүүл одоогоос таван жилийн өмнө 12 хүний аминд хүрэх шалтгаан болсон Мухаммед зөнчийн тухай шог зургаа дахин нийтлэхээр болсон талаар цахим хуудсандаа мэдээлжээ.

 

2015 онд сэтгүүлийн редакцид халдлага болох үеэр амиа алдсан хүний тоотой тэнцүү 12 шог зургийг дахин нийтлэх болсон шалтгаанаа редакцийнхан тайлбарлахдаа "эдгээр зураг бол түүх, харин түүхийг дахин бичиж, устгаж болдоггүй" хэмээсэн байна. Түүнчлэн тэр үеийн халдлагын талаар мэддэггүй, гэмт хэрэгтнүүдийг шүүх явцыг ойлгодоггүй бүхэл бүтэн үе өсч өндийсөн хэмээн онцолжээ.

 

Мөн олон жилийн туршид зөнчийн тухай шог зураг зураагүй, учир нь ийм зураг зурахад "учир утгатай, олны дунд хэлэлцүүлэг өрнөхүйц том шалтгаан байх ёстой" хэмээн Шарли Эбдо сэтгүүлийн редакци цохон тэмдэглэсэн байна. Шог зургийг дахин нийтэлсэн дугаар есдүгээр сарын хоёрны өдөр худалдаанд гарах аж. 

 

Энд дуулгахад, 2015 оны долдугаар сард Шарли Эбдо сэтгүүлийн ерөнхий редактор, хэвлэн нийтлэгч Лоран Суриссо тус сэтгүүлийнхэн Мухаммед зөнчийн тухай шог зураг дахин нийтлэхгүй хэмээн мэдэгдэж байлаа. "Бид өөрсдийгөө илэрхийлэх эрх чөлөөний зарчмыг хамгаалахын тулд зөнчийн шог зургийг ашигласан" хэмээн тайлбарлаж байв. Түүнчлэн хэвлэлийн ажилтнууд шог зураг зурах эрхээ хамгаалж ажлаа хийсний дээр зөнчийн тухай шог зураг нь исламыг шүүмжилсэн хэрэг биш хэмээн цохон тэмдэглэж байлаа. 

 

Энэ мэдэгдлээс зургаан сарын өмнө буюу 2015 оны нэгдүгээр сарын долооны өдөр Парис дахь Шарли Эбдо сэтгүүлийн редакци руу зэвсэглэсэн гурван этгээд халдаж, энэ алан хядах ажиллагааны улмаас 12 хүн амиа алдсаны 10 нь сэтгүүлийн ажилтнууд байв. Хэргийн дараахан алан хядагчдыг олж, устгасан юм. Ийнхүү халдлага үйлдэх болсон шалтгаан нь Шарли Эбдо сэтгүүлийн нүүрэн дээр Мухаммед зөнчийг элэглэсэн зураг хэвлэгдсэнтэй холбоотой бөгөөд халдлагын  хариуцлагыг "Аль-Каида" алан хядах бүлэглэлийн Йемен дэх үүр өөр дээрээ авч байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин