Кени: Цар тахалтай тэмцэх хөрөнгийн зарцуулалтыг ил тодоор тайлагнахыг үүрэг болгожээ
2020-09-02

Кенийн Ерөнхийлөгч Ухуру Кеньятта коронавирусийн цар тахалтай тэмцэх зорилгоор худалдан авч буй бүх бүтээгдэхүүн, түүний зардлыг тайлагнах үүргийг Эрүүл мэндийн яаманд өгчээ. Эмнэлгийн бараа бүтээгдэхүүн худалдан авахад зориулагдах хөрөнгөнөөс албан тушаалтнууд олон сая доллар хулгайлсан гэсэн шуугиан тус улсад гарсны дараа Ерөнхийлөгч нь ийнхүү тушаасан байна. 

 

Цар тахлын үеийн төрийн худалдан авалтын талаарх шуугиан тус улсад дэгдсэн тул Эмнэлгийн нийлүүлэлтийн агентлагийн явуулсан бүхий л тендерийн тайланг ойрын үед олонд танилцуулахыг Кенийн ерөнхийлөгч үүрэг болгожээ.

"Эрүүл мэндийн яам ойрын 30 хоногт багтаан Эмнэлгийн нийлүүлэлтийн агентлагаас явуулсан бүхий л тендер, худалдан авалтын тайланг цахим хэлбэрээр, ил тодоор нийтлэх ёстой" гэж Кенийн Ерөнхийлөгч Ухуру Кеньятта мэдэгджээ. 

 

Энд дуулгахад, Кенийн нэгэн телевизээр тус улсад коронавирусийн халдвар өсч байхад 400 сая ам.долларын хандивын хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж мэдээлсэн байна. Энэ нэвтрүүлгээр Кенийн эмнэлгийн ажилтнууд хамгаалалтын хэрэгсэлгүйн улмаас ажил хаялт зарлана гэж мэдэгдсэнийг онцолсны дээр амны хаалт, халат зэрэг хувийн хамгаалалтын хэрэгсэл нийлүүлэх гэрээнээс улс төрчид ашиг хонжоо олсон хэмээн буруутгажээ. Түүнчлэн олон сая ам.долларын гэрээ авсан компаниуд нь ердөө хэдхэн сарын өмнө байгуулагдсан, харин тендерт ялсан бусад компаниуд нь засгийн газрын албан тушаалтнуудын төрөл садны хүмүүстэй холбоотой байсан гэж мэдээлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин