Хэрэглэгчид органик хүнс хэрэглэх болсноор худалдан авалт нэмэгдсэн
2020-09-03

 

Намрын улирлыг ногоочидгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Энэ үеэр ногоо хураалтын ажил  дуусаж ногоочид “Алтан намар” шинэ ногооны үзэсгэлэн худалдаагаа нийслэл хотын барилгачдын талбайд зохион байгуулахаар зорин иржээ. Тус талбайд шинэ хүнсний ногоо худалдаалж буй 20 гаруй асар байх аж.

 

Тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Алтан намар” шинэ ногооны үзэсгэлэнг нийслэл хотод зохион байгуулаад нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Тэгвэл энэ жилийн үзэсгэлэн худалдаанд Сэлэнгэ аймгийн Сант, Зүүн бүрэн, Шаамар, Ерөө, Зүүнхараа  зэрэг сумдаас ногоочид оролцохоор иржээ.

 

Ногоочид  олон сарын хөдөлмөрийн үр шимээр, эх орны хөрсөнд ургуулсан   амин дэмтэй, органик  хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гар дээр хүргэхээр өглөөнөөс үдшийн бүрий хүртэл ногоогоо худалдаалсаар байгаа нь энэ аж.

 

Төмс, лууван, манжин, байцаа, брокколи, сармис, амтат гуа,  самар   мөн огурци, зөгийн бүтээгдэхүүн зэрэг  олон төрлийн органик шим бүтээгдэхүүнийг цаасан хайрцаг болон сагсанд хийж асарт тавьжээ. Өглөөний нартай уралдан босон талбайг зорьсон  ногоочид худалдаагаа хийсээр ихэнх худалдаачдын ногооны сагс хоосорсон харагдана. Мөн энэ үеэр нийслэл хотынхон ч шинэ ургацын ногооны амталгаа хийхээр ялалтын талбайг зорин ирсэн байв. Хэрэглэгчдийн ихэнх нь гэрийн эзэгтэй эсвэл настангууд байх бөгөөд эх орны хөрсөнд ургасан шимт органик хүнсийг эндээс л авч болно  гэдгийг мэддэг  болоод ирсэн болов уу гэмээр…

 

Сэлэнгийн ногоочид үзэсгэлэнд оролцож байна

 

Шинэ ногооны үзэсгэлэн худалдаанд оролцогч Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын  худалдагч: Тэрээр:

 

 -Энэ жилийн хувьд ургац ахицтай байгаагүй ч өөрийн хэмжээнд чамлахааргүй хүнсний ногоог тариалсан миний хувьд  наймдугаар сарын  27-ны өдрөөс эхлэн энэхүү үзэсгэлэнд оролцож хэрэглэгчдийг органик хүнсээр хангахаар зорин ирээд байна. Ойрын жилүүдэд хэрэглэгчид өөрсдийн эрүүл мэндэд онцгой анхаарч хөрсөнд ургасан органик хүнсний бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх болсноор худалдан авалт нэмэгдсэн гэж үзэж байгаа.  Цаашдаа энэ сарын 12 хүртэл барилгачдын талбайд зохион байгуулагдаж түүний дараагаар ялалтын талбайд үзэсгэлэн худалдаагаа үргэлжлүүлнэ гэлээ.  Талбайд хүнсний ногоог ургацаас шалтгаалан дараах үнээр худалдаалж байв.

 

  • Брокколи-3000-3500 төгрөг
  • Төмс-800
  • Манжин -1000-1500
  • Байцаа-500-800
  • Сармис- 18000-20000
  • Амтат гуа- 1кг 4000 төгрөг

 

Л.Отгонмягмар

Shuud.mn
Сонин хачин