АНУ Навальныйг хордуулсан хэрэгт холбоотой хүмүүсийн эсрэг хориг тавина
2020-09-03

Наймдугаар сарын 20-ны өдөр бие нь гэнэт муудаж, Омскийн эмнэлэгт хүргэгдээд комд орон, одоо Германы Шарите эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа Оросын сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальныйг "Новичок" бүлгийн бодисоор хордуулсан гэж ХБНГУ-ын Засгийн газар есдүгээр сарын хоёрны өдөр мэдэгдсэн.

 

Энэ мэдэгдэлд "ихээхэн санаа зовниж байгаа"-гаа АНУ илэрхийлж, үүнтэй холбоотойгоор Навальныйн амь насанд халдсан хэрэгт холбоотой этгээдүүдэд санхүүгийн хориг тавихад бэлэн хэмээн мэдэгджээ. 

 

"Оросоос буруутнуудыг хариуцлагад татаж, тэдний зүй бус үйл ажиллагааны санхүүжилтийг хязгаарлахын тулд холбоотнууд болон олон улстай хамтран ажиллана" хэмээн АНУ-ын Үндэсний аюулгүйн зөвлөл мэдэгдсэн байна. Түүнчлэн 2018 оны гуравдугаар сард Солсберид Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийг мөн "Новичок" бодисоор хордуулж байсан хэмээн мэдэгдэлд онцолжээ. 

 

Харин Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Навальныйн эсрэг химийн зэвсэг ашигласныг "байж боломгүй" хэмээн нэрлээд "Ноён Навальныйд тохиолдсон явдлыг Оросын Засгийн газар тайлбарлах ёстой" хэмээн мэдэгдсэн байна. 

 

Францын эрх баригчид Навальныйг хордуулсан хэргийг "цочирдом, хариуцлагагүй" алхам гэж мэдэгдсэн байна.

Навальныйг хордуулсан гэж Герман үзсэн "Новичок" гэж юу вэ?

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин