“Чойжин ламын сүм”-ийн арга эвийн бурхад нь аз жаргалыг бэлгэддэг
2020-09-03

 

Хүүхэд залуучуудад өв соёлыг өвлүүлэн түгээж, сурч боловсрох, ур чадвараа хөгжүүлэхэд нэмэгдүүлэх зорилгоор  есдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн  цаашид 18 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүй үзүүлэхээр болсон. Энэ талаар Чойжин ламын сүм музейгээр зочилж  сурвалжиллаа. Тус музейгээр жилдээ   30 мянган гаруй үзэгч зочилдог.

 

 

1962 оноос эхлэн олон нийтэд үйлчилж эхэлсэн юм. Музейн урд  цэлгэр том  талбай, ногоон зүлэг, анхаарал татахуйц 7 метр өндөр хаалга байрлана. Түүнээс цааш алхахад  “Өнөөдрөөс маргаашдаа” хэмээн арга хэмжээ болж байв. Тус арга хэмжээгээр 9 сарын 1-6 ны өдрүүдэд  “Өв эрдэнэ” хөтөлбөрийн төслийг танилцуулга, хэлэлцүүлэг, скейтбоардын үзүүлбэр, хүүхдэд зориулсан бүтээлч өдөр, номын солилцоо зэрэг соёл урлагийн олон талт үйл ажиллагаа болох юм.

 

МУЗ-ийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл “Өв эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүм музейг 2019-2020 он хүртэл 1.1 тэрбум төгрөгөөр тохижуулсан. Үүний үр дүнд иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх нэгэн шинэ бүтээлч орон зай болоод байна” гэлээ.   “М-Си-Эс”  групп 25 жилийн ойгоороо “Өв Эрдэнэ” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн цагаас Богд хааны ордны музей, Амарбаясгалант хийд тэргүүтэй таван төсөлд нийт 1.7 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгожээ.

 

Тухайлбал, Богд хааны ордон музейн нийгмийн ба байгалийн хүчин зүйлсийн нөлөөллийн судалгааг 2019 онд Монголын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран хэрэгжүүлжээ. Амарбаясгалант хийдийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах зорилгоор хийдийн барилгыг биологийн бохирдлоос цэвэрлэж, хамгаалах төсөл хэрэгжүүлсэн байна. Чойжин ламын сүм музейд 2 га эдэлбэр газрын тохижилтын төслийг нийт 1.1 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж, 3000 бут сөөг бүхий 8500 м.кв ногоон байгууламж, 1500 м.кв авто зогсоол, 1600 м.кв явган хүний боржин чулуун замыг шинэчлэн байгуулжээ. Мөн Дэлхийн хөшөө дурсгалын сангийн “World Monuments Watch 2020” хөтөлбөрийн яаралтай хамгаалах шаардлагатай дэлхийн 25 дурсгалт газрын нэгээр бүртгүүлжээ. 

 

МУЗ-ийн тэргүүн Н.Жанцанноров “Чойжин ламын сүм музейн төсөл нь хувийн хэвшил, төрийн болон төрийн бус байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллаж, соёлын өвийн хадгалалт, сэргээн засварлалтад бодитой хувь нэмэр оруулах, цаашлаад гадаадын болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах сайн жишиг тогтоож байгаагийн тод илрэл боллоо” хэмээж байлаа.

 

Музейн хаалгаар ороод л энэ тэнд зургаа даруулах 10 жилийн хүүхдүүд харагдана. Үүднээс эхлээд тохижилт, цэвэр байдал нь сэтгэл татам байлаа. Музейд эртний өв соёл, түүхийг хадгалсан хана, хаалганы хийц, хосгүй үнэт бүтээлүүд нүд баясгам.

 

Гол сүм: Өршөөлийг хөгжүүлэгч сүм

 Энэхүү сүм нь Төрийн Чойжин Лувсанхайдавын шашин номын үйлийн гол орон байжээ. Тус сүм бурхадын дэлгэмэл зураг, зээгт наамал, шашны баг өмсгөл, халуун хүйтэн тамын зураг, шашны хөгжмийн зэмсэг зэрэг шашны соёл, урлагийн олон зүйл өвийн үзэсгэлэнгээс бүрдэнэ. Бурхан багшийн баруун талын өндөр сэнтийд чойжин лам Лувсанхайдав хутагтын шуумал дүр,зүүн талд Хамба Номун хан Балданчоймболын дүрийг тус тус хүндэтгэлтэйгээр залсан байв.

 

Махаранз сүм

 

Музейн цогцолбор нь Махаранз сүмээс эхэлнэ.Сүмийн зүүн дээд талын хааныг Юлхорсүрэн гэх ба ертөнцийн зүүн зүгийг сахин хамгаалагч, үнэр идэштэн буюу тэнгэрийн хөгжимчдийг эрхшээгч аж.Зүүн доод талын ханыг Жамбийсан гэх ба ертөнцийн хойд зүгийг сахин хамгаалагч, эд баялгийн Бисман тэнгэр,өвчин эмгэг аврагч амьтдыг эрхшээгч хаан юм.

 

Занхан сүм

 

Төрийн сахиусны гүдэнбэ Лувсанхайдав хутагт шашны сахиусаа буулгадаг байжээ. Сүмийн баруун хойморт Богд Зонхов, Ловон Бадамжунай, зүүн хойморт Ядамдаг, Очирваань зэрэг олон бурхан сахиусыг хүрээлүүлэн оршоосон нь нэн сүрлэг дүр төрх, үзэмжтэй.

 

Зуу сүм

 

Богд Зонхов Төвөдийн Лхас хотын алдарт Жохан сүмийн Шагжамуни Бурханд эрдэнийн титэм өргөж, жил бүр Их Ерөөл хэмээн шашны номын хуримыг хийдэг уламжлал тогтжээ. Үүнээс үндэслэн бурханы шашинт орнуудын томоохон сүм хийдийн дэргэд Бурхан багшид зориулан барьжээ. Сүмийн ханаар орчлонгийн амьдралаас уйсаж аглагт шүтэн, дээдийн номын дияан бясалгалыг үйлдэгч архадуудын дүрийг өвөрмөц зохиомжтойгоор бүтээсэн байна.

 

Ядам сүм

 

Чойжин лам Лувсанхайдавын нууц тарнийн бүтээлийн ариун шүтээн болсон ядам бурхадын орон, бясалгал нямбаны гол өргөө байжээ. Сүмийн хойморт Лувсанхайдав хутагтын эрт урьдын нэгэн дүр болох Энэтхэгийн наян дөрвөн шидтэний нэг Дүвчин Нагважодбагийн алтан шармал дүрийг хүндэтгэлтэйгээр залсан байна.

 

Өндрийн сүм

 

Хотол чуулган амгалангийн сүм сүм нь Монгол гэр адил дугуйрсан найман ханатай, адар нь огторгуй хэлбэртэй, хана нь тал нутагт, хурмаст тэнгэр, газар лусын орныг санагдуулам өвөрмөц тансаг хийц загвартай.

 

Хүндэтгэлийн хаалга

 

Махаранз сүмийн хойд талд “Шуламсын өмгийг дарагч хүндэтгэлийн хаалга” байрлана. Хүндэтгэлийн ёслолын үйлэнд хөх тоосгоор өрж, оройд нь алтан шармал номын хүрд болон эр, эм гөрөөс зэрэг олон зүйлийн гайхамшигт бэлгэдэл, содон зургаар чимэглэжээ. Хаалганы гол хэсэгт найман тахилаар чимэглэсэн илтгэл самбарын хөх номин дэвсгэр дээр соёмбо, төвөд, Монгол үсгээр  Хар зүгийн шуламсын аймгийн өмгийг дарж урвалтгүй их амгаланг аяар зөнгөөр бүтээгч орд харш хэмээн алтдан бичжээ.

 

“Чойжин лам”-ын музейд ихэвчлэн амьдралаа холбож байгаа залуу хосууд ирж ирээдүйн амьдралаа даатган залбирдаг. Арга эвийн бурхад нь амар тайван амьдрал аз жаргалыг бэлгэддэг. Айл гэрт инээд хөөр, эв нэгдлийг бэлэглэх увдистай байдаг ажээ.

 

Сүм бүрт 10 жилийн форм өмссөн хүүхдүүд тайлбарлагчийн хамт явж байв.Тэд хичээлээ тараад шууд энд ирсэн нь илт гэмээр. Жил бүр музей бүрийг хэдхэн өдөр 18 хүртэлх насны хүүхдүүдэд зориулан үнэ төлбөргүй болгодог ч хөдөө орон нутгийн хүүхдүүд хоцордог нь харамсалтай санагддаг байлаа. Харин энэ жилээс эхлэн тэд хүссэн үедээ ирж үзэж болох нь. Музейгээс гарахад ард алхах хэдэн охид дотор үзсэн, сонссон зүйлсээ  ам уралдан ярилцана.

Б.Энхжаргал

 

 

Shuud.mn
Сонин хачин
монгол:
чи хэн бэ хужаа юү энэ сүм бол эх орончдын тангарагаа өргөдөг байсан ариун газар улаан коммунызмын үед ч энэ сүмээс нэг тоосгыг нь ч аваагүй юм шүү
2020-09-04
Манжийн үеийн энэ хогийг нураах хэрэгтэй. Хэнд ч хэрэггүй хог новш.
2020-09-03