ВИДЕО: Дөрвөн хүнээс коронавирус илэрлээ
2020-09-04

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.09.04/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл  нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 26 сая зургаан мянган хүн халдвар авч, 872 мянган хүн насж, 18 сая гаруй хүн эдгэрчээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 279 мянга гаруйгаар  нэмэгдсэн байна.  

 

Манай улсад ажиглалтаас 12  хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол 217 хүн шинээр ажиглалтад  орлоо. Ажиглалтад нийт 3896   хүн байна.  Цэргийн төв эмнэлэгт 72 хүн эмчлүүлж байгаагаас хоёр хүн эрчимт эмчилгээний тасагт  байгаа. 119 дугаарын утсанд 46 дуудлага ирсэн байна.  

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 537 хүнд шинжилгээ хийлээ.  Дөрвөн хүний шинжилгээнээс вирус илэрлээ. Энэ нь есдүгээр сарын 2-нд Сиатль-Улаанбаатар хотын нислэгээр ирсэн зорчигчид юм.

 

Эдгээр шинжилгээг задалж хэлбэл, энэ сарын 2-нд Сиатль -Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 250 хүний давтан шинжилгээ, Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт тандалтын таван хүний  шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн  33 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, өнгөрсөн сарын 20-нд  Хонконг–Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 159 хүний давтан шинжилгээ,  ХӨСҮТ-д тусгаарлагдсан таван хүний шинжилгээ, тусгаарлах байранд байгаа 29 хүний давтан шинжилгээ, Дорнод аймагт тусгаарлагдсан 47 хүний давтан шинжилгээ, Өмнөговь аймагт тусгаарлагдсан 2 хүний давтан шинжилгээ, сувилалд тусгаарлагдсан гурван хүний шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй.

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 310 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 296 боллоо. Нийт эдгэрээд гарсан 296 хүний 21 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 46 хүн гэрийн ажиглалт тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 255 хүн байгаа. Нийт хувийн эдгэрсэн тохиолдол 95,4 хувь боллоо.

 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 14 хүн эмчлүүлж  байна гэлээ. 

 

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
энэ мэдээ эвгүй мэдээ байна шүү. хүмүүс өөрийгөө хамгаадахын тулд маск зүүх нь ховорджээ. маш сэрэмжтэй байхынсан. яаж энэ хүртэл давж ирлээ дээ
2020-09-04