“Хөл хорионд хотод хийх ажилгүй, ногоо тарихаар шийдсэн”
2020-09-07

 

“Лавай” худалдааны төв хамтран  “Мах цагаан идээ, хүнсний ногоо 2020” өргөтгөсөн  худалдааг есдүгээр сарын 30 хүртэл зохион байгуулагдаж байна. “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн”  үндэсний хөтөлбөр, “Мах сүүний анхдугаар аян” , “Атрын III аян “ Хүнсний ногоо, жимс жимсгэнэ хөтөлбөрийн хүрээнд  Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК, Монголын хөдөө аж ахуйн хоршоочдын үндэсний холбоо, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулж байгаа юм.

 

Тус өргөтгөсөн худалдаагаар аймгуудын малчдын гарал үүсэл баталгаажсан, эрүүл чанарын шаардлага хангасан хүнсний ногоо, мах, цагаан идээг зах зээлийн үнээс доогуур ханштайгаар худалдаалах зорилготой юм.

 

 

"Лавай" захын гадна талбайд голдуу Төв аймгаас ирсэн иргэд өөрсдийн тарьсан хүнсий ногоог худалдаалж байлаа. Хүнсний ногоо килограмм нь  төмс-800 төг , лууван-1500 төг, манжин- 1500 төг, сонгино-2500 төг, байцаа-800 төг үнэтэй байлаа.

 

Энэ жил  дотооддоо тарьсан хүнсний ногоо голдуу борлуулагдаж байгаа гэнэ.  Долдугаар сард хүнсний ногооны үнэ өссөн. Энэ сарын байдлаар хүнсийн ногооны үнэ буурсан байдалтай байна. Ногоочид өөрсдийн гараар тарьж, арчилж хураасан гэдгээ онцлон хэлж байсан юм.

 

 

Төв аймгийн  Жаргалант сумын иргэн  Л.Мөнхбаяраас зарим зүйлийг тодруулахад:  “Энэ жил анх удаа ногоо тарьж үзэж байна. Шинэ төрлийн халдварт өвчин гарч хөл хорионд хотод хийх ажилгүй байсан учраас ногоо тарихаар шийдсэн. Дөрөвдүгээр сараас эхлээд л газраа хагалаад, үр тариагаа суулгаж  ид ажлын үе эхэлсэн. Ногоо тарина гэдэг маш их хүч хөдөлмөр, арчилгаа шаарддаг” гэв.

 

-Танайх хэдэн га газар талбайд ногоогоо тарьдаг вэ?

 

-Таван га газарт тарьдаг. Газраа түрээслэж ногоо тарьсан.

 

-Гэр бүлээрээ ногоогоо тарьсан уу?

 

-Манай хүү долдугаар анги. Хүүтэйгээ хоёуулаа нийлээд л тарьсан. Хамт ногоогоо усалж, ургасан зэрлэгийг нь түүнэ. Хашаандаа худаг гаргасан. Усаа том саванд хийж бүлээн болгосон усаараа өглөө оройдоо усалдаг.  Газар ухаж гялгар уут хийж усаа хийгээд бүлээн болгодог. Хүлэмжиндээ өргөст, улаан лооль бас тарьсан.

 

-Хүнсний ногоог тариад ашгаа буцааж авч чадаж байна уу?

 

- Одоогоор хүн цөөнтэй л байна. Гэхдээ зарах дуусах хугацаа бас болоогүй байгаа учраас боломж бий байх.

 

-Энд байгаа ногоогоо өглөө, оройдоо хэрхэн зөөвөрлөж байна вэ?

 

-Гэр хол учраас эндээ байрлаад унтаж байгаа. Бүх ногоогоо зарж дуусгаж  арай чадахгүй байх.

 

-Тарьсан ногоогоо хүнсний ногоо борлуулдаг газруудад өгөх энд зарах ялгаа байгаа юу?

 

-Тэд хүнсний ногоог хямд үнээр авчихдаг. Ямар ч л байсан зуны турш хийсэн үр бүтээлийнхээ ашгийг гаргах санаатай байна”хэмээн ярьсан юм.

 

 

“Лавай” захын дотогш ороход махан бүтээгдэхүүн, цагаан идээ зэргийг зарж байлаа. Махны үнийн хувьд килограмм нь: Хонь /ястай/ 7500 төг, цул нь-8500 төг, Үхэр-цул 10500 төг, ястай-9500 төг, адуу-8500 төг үнэтэй худалдаалж байлаа.

 

Цаашид өргөтгөсөн худалдааг жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Ингэснээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийг багасгах, эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулах зэрэг ач холбогдолтой гэж үзэж байгаа юм байна.

Б.Энхжаргал

Shuud.mn
Сонин хачин
Ийм үнэтэй мах ногоог хэн авдаг юм манайхан юмаа их үнэтнй зарах гэх юм хил даваад татвар тээврийн зардал шингэсэн ногооноос үнэтэй байх юм
2020-09-07
ggg:
setgvvlch oilgomjto xeregteo medeelel oruuulsan bn bayrlalaa amjilt
2020-09-07
v:
toms vneteil baindaa 800 ger hashaaniihan zalhuuu baina
2020-09-07