Стив Нэш “Нетс”-ийн дасгалжуулагч боллоо
2020-09-08

 

“Бруклин Нетс” багийн түүхэнд 23 дахь дасгалжуулагчаар Канадын ахмад сагсан бөмбөгч Стив Нэшийг, түүний туслахаар Жак Воныг томилсон байна. Тэрбээр зодог тайлснаас хойш “Голден Стэйт Уорриорс”-ийн зөвлөхөөр таван жил ажиллажээ.

 

Стив Нэш ийнхүү дасгалжуулагчийн ажилд анх удаа томилогдохдоо Кевин Дюрант, Кайри Ирвин зэрэг супер оддыг удирдахаар болов. Хүнд бэртлийн улмаас Ирвин энэ улиралд ердөө 20 тоглолтод оролцсон бол Дюрант огт тоглоогүй. Харин 2020-21 оны улиралд тэд бэлэн болж байгаа мэдээлэл бий. NBA-д 18 улирал тоглохдоо Стив Нэш “Финикс Санс”, “Даллас Маверикс”, “Лос-Анжелос Лейкерс” багуудын бүрэлдэхүүнд хүчин зүтгэж, Бүх оддын тоглолтод найман удаа шалгарч явжээ. 2005 болон 2006 онд дараалан лигийн шилдэг тоглогчоор тодорсон байна. Канадын Виктория хотын уугуул Нэш улсынхаа сагсан бөмбөгт ч чухал нөлөөтэй нэгэн. 1993-2004 оны хооронд Канадын шигшээ багийн төлөө тоглож, 2012-2019 онд шигшээгийн ерөнхий менежерийн албыг хашчээ.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин