G7 орнууд Навальныйтай холбоотой хэргээр мэдэгдэл гаргав
2020-09-09

G7 бүлгийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар ОХУ-д хандан Оросын сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальныйтай холбоотой хэрэгт буруутай этгээдүүдийг хариуцлагад татахыг уриалсан талаар Вести агентлаг мэдээллээ. 

 

"Химийн зэвсэг аливаа байдлаар ашиглах нь байж болшгүйн дээр энэхүү зэвсгийг ашиглахыг хориглодог олон улсын журамд харшилж байна. G7 бүлгийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар бид энэхүү аймшигт хэрэгт холбоотой хүмүүсийг хариуцлагад татах ажлыг ил тод, шуурхай хийж гүйцэтгэхийг ОХУ-д санал болгож байна" хэмээн хамтарсан мэдэгдэлд дурджээ.

 

Мэдэгдэлд өгүүлснээр, ХБНГУ Навальныйг "Новичок" бүлгийн бодисоор хордуулсан гэсэн шинжээчдийн дүгнэлтийг G7 -ийн орнуудад мэдээлсэн гэнэ. "Алексей Навальныйг хордуулсныг бид эрс шүүмжилж байна" хэмээн мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Түүнчлэн Навальныйтай холбоотой хэрэгт Оросын талаас ямар хариу үйлдэл гаргахыг "анхааралтай ажиглана" хэмээсэн байна.

 

Эргэн сануулахад, Оросын сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальный наймдугаар сарын 20-ны өдөр Томскоос Москва чиглэх нислэгийн үеэр бие нь гэнэт муудаж, түүний зорчиж явсан онгоц Омск хотноо яаралтай газардан, Навальныйг түргэн тусламжийн эмнэлэгт хүргэсэн юм. Навальный эмнэлэгт очсон даруйдаа комд орсон бөгөөд, наймдугаар сарын 23-ны өдөр түүнийг Германы Шарите эмнэлэгт хүргэсэн. Улмаар ХБНГУ-ын эрх баригчид Навальныйг Новичок бүлгийн бодисоор хордуулсан нь тогтоогдсон гэж мэдэгдэж байлаа. Харин даваа гаригт Берлиний Шарите эмнэлгийн эмч нар Алексей Навальный ухаан орсон гэж мэдэгдсэн юм. 

 

Навальный комоос гарч, Европын холбоо хэргийг шалгахаар төлөвлөж байна

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин