COVID-19: Москвад вакцинжуулалт эхэлжээ
2020-09-10

Москва хотын оршин суугчдыг есдүгээр сарын есний өдрөөс коронавирусийн вакцинжуулалтад хамруулж эхэлсэн талаар хотын орлогч дарга Анастасия Ракова мэдэгдсэнийг Regnum агентлаг дамжууллаа. 

 

"Өнөөдөр хот төдийгүй бүхий л улс орны хувьд чухал өдөр. Вакцинжуулалтыг эхэлсэн нь коронавирусийн э эсрэг бэлдмэл хүн бүрт хүртээмжтэй болох мөчийг ойртуулна" хэмээн Ракова мэдэгджээ.

 

Вакцинжуулалт хоёр үе шаттай явах бөгөөд эхлээд сайн дурынханд вакцины эхний тунг, 21 дэх хоногт хоёр дахийг тарих аж. Вакцины тун нь найрлаганд нь багтсан идэвхтэй бодисоороо ялгаатай, организмын дархлааны хамгаалалтыг нэмэгдүүлэх зориулалттай юм байна.

 

Түүнчлэн коронавирусийн вакцин тариулах хүсэлтэй хүмүүсийн тоо өсч байгааг Москва хотын орлогч дарга мэдээлсэн байна. Одоогийн байдлаар урьдчилан сэргийлэх тарилга хийлгэх хүсэлтээ гаргасан хүний тоо хэдийнэ 35 мянгаг давжээ. 

 

Эргэн сануулахад, ОХУ "Спутник V" гэх дэлхийн анхны коронавирусийн вакцин гарган авч, албан ёсоор бүртгэж байгаагаа наймдугаар сарын 11-ний өдөр зарласан. Энэ вакциныг наймдугаар сарын 15-наас эхлэн үйлдвэрлэж эхэлсэн бол есдүгээр сарын наймны өдрөөс эргэлтэд орсон талаар Оросын Эрүүл мэндийн яам мэдээлж байв. Вакциныг эхний ээлжинд эмнэлгийн ажилтнууд, эрсдлийн бүлгийн хүмүүст хийх бол есдүгээр сарын дунд үеэс эхлэн олон нийтийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөжээ. 

 

COVID-19: Анхны вакцин буюу түүнийг "Спутник" хэмээсний учир

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин