М.Солонго: Гурван ээжид 18 сая төгрөгний тэтгэлэг олгоно
2020-09-11

 

Хүүхдээ хараад гэртээ байх хугацаандаа өөрийгөө хөгжүүлэх, гадаад хэл суралцах сонирхолтой ээжүүдийг дэмжих зорилогтой  “Монгол ээж гэр сургалт” ТББ-аас санаачлан 3 ээжид тэтгэлэг олгохоор болжээ. “Raffles International Institute” сургуулийн бүрэн санхүүжилтээр анхан, дундын өмнөх, дунд, ахисан дунд, гүнзгий гэсэн нийт 5 түвшний 5 удаагийн танхимын сургалтаар 100 хувийн тэтгэлгээр суралцана. Нийт 3 ээжид тус бүр 6 сая  нийт 18 сая төгрөгний сургалтын тэтгэлэг олгоно.   “Монгол ээж гэр сургалт” ТББ-ын гүйцэтгэх захирал М.Солонгоос зарим зүйлийг тодрууллаа.

 

-Тэтгэлэгт хөтөлбөрт ямар хүмүүс хамрагдах боломжтой вэ?

 

-18-аас дээш насны бүрэн дундаас дээш боловсролтой ээж. Насан дээр хязгаар заахгүй, ажил эрхэлж байгаа, оюутан эсэх үл хамаарна. Ойрын 1 жил хагас Улаанбаатар хотод танхимын сургалтанд хамрагдах бүрэн боломжтой байх.

 

-Тэтгэлэгт ямар шалгуураар хамруулах вэ?

 

-Хоёр шалгуураар явагдана. Эхнийх нь өргөдлийн шат,  дараагийн шат нь ярилцлагынх.  Өргөдлийг  есдүгээр сарын 5-20 хүртэл авна. Тэнцсэн хүмүүсийг ярилцлагын шатанд оруулна. Тэтгэлэгт шалгарсан 3 ээж 10 дугаар сарын 12-оос хичээлээ эхлүүлнэ.

 

-Англи хэлний түвшин хамаарах уу?

 

-Англи хэл мэдэхгүй байсан ч болно. Тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд сургууль дээр шалгалт өгч түвшнээ тодорхойлуулснаар өөрийн түвшний ангиас эхлэн суралцана.

 

-Гэртээ хүүхдээ хардаг бол хамрагдах боломжтой юу?

 

-Боломжтой. 7 хоногт 3 удаа хичээллэх бөгөөд нэг удаа орохдоо 3 цаг хичээллэнэ. Цагийг үдийн өмнө, орой гэсэн сонголтоос хийн тогтмол ажлын хажуугаар ч хамрагдах боломжтой. Хичээлийн цагийг 10:00- 13:00, ажлын дараа 18:30-21:30 гэсэн хуваариас сонгоно.

П.Отгондалай

Shuud.mn
Сонин хачин