ВИДЕО: Долоо хоногт нэг өрхөд зургаан шуудай шахмал түлш хуваарилна
2020-09-15

 

 

Агаарын бохирдолтой тэмцэх газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, "Тавантолгой түлш" компанийн төлөөллүүд галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан угаарын хий мэдрэгчийг зөв ажиллуулах, зуух яндангийн битүүмжлэл талаар мэдээлсэн. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан орлогч Д.Мөнхжаргалтай мэдээлэл өглөө. Тэрбээр:

 

-Есдүгээр сарын 14-ний өдөр 25 иргэн угаартсан гэсэн мэдээлэл өглөө. Урьд шөнө 11 өрхийн 24 иргэн угаартсан. Энэ нь иргэдийн болгоомжгүй байдлаас болж үүссэн гэж болно. Ойрын өдрүүдэд бороо ихтэй учир 4 айл өрхөө бүтээсэн, өвөлжилтийн бэлтгэлийг базааж яндангаа хөөлөөгүй айлууд байв. Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 15-нд нэг сарын эрчимжүүлсэн аянаар өвөлжилтийн бэлтгэлийг нийслэл даяар хийлээ. Үүнд 6000 гаруй төрийн алба хаагчид айл өрхүүдэд мэдээлэл түгээн ажилласан. Өчигдрийн асуудлаас үүдэн 72 цагийн ажлыг дахин ажлын багийг бүрдүүлэн хийж эхэлсэн.

 

Улсын төсвийн 3,2 тэрбум төгрөгөөр угаарын хий мэдрэгчийг айл бүхэнд суурилуулсан. Нийслэлийн зургаан дүүргийн 162 мянган өрхөд тараасан. Агаарын чанарыг сайжруулах бүс тэлсэнтэй холбогдуулан 15 мянган угаар мэдрэгчийг нэмж суурилуулна. 1-3 сард угаарын хий мэдрэгчийг тараах үед хаяг дээрээ байгаагүй өрхүүд хороо дүүргийн Засаг даргын тамгын газраараа дамжуулаад нэмж суурилуулан авах хэрэгтэй. Суурилуулж аваагүйгээс болж эрсдэлд өртсөөр байна.

 

Угаарын хий мэдрэгч нь ардаа зайтай. Зайгаа угсарч шалгах шаардлагатай. Энэ мэдрэгчийн дэлгэцэд 30ппн гэж заах болон түүнээс дээш зааж байвал угаарын хий танайхаас илэрч байна гэсэн үг. Угаарын хий мэдрэгч байнга анивчиж байх ёстой бөгөөд олон удаа угаар мэдэрч дуугарсан бол тэжээлийн цэнэг дуусна. Иймд тэжээлээ солих шаардлага гарна. Хий, газ хэрэглэдэг орон сууцны хороололд амьдардаг өрхүүд нэг дор угаарын хий мэдрэгчээ ажиллуулж шалгах уриалгыг гаргаж байна. Есдүгээр сарын 19-ний 20 цагт үүнд нэгдээрэй. Энэ үеэр тест гэдэг товчлуур дээр дарж шалгах ёстой. Дараагаар нь минут тутамд ногоон гэрэл анивчиж байна уу гэдгээ хараарай. Угаарын хий дуугарч байгаа бол яаралтай агаар оруулж эрсдэлийг бууруулна гэлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

-Түлш борлуулах цэгийг нэмэх үү?

 

-389 борлуулалтын цэг байдаг. Үүнийг нэмэх тал дээр судалгаа хийж байна. Нийтдээ 1000 орчим борлуулалтын цэг ажиллуулна гэж тооцсон. 200 өрх тутамд нэг борлуулалтын цэг байх тооцоог гаргасан. Борлуулалтын цэгийн гэрээг “Таван толгой түлш” ХХК дээр очиж хийнэ.

 

-Нэг өрхөд хэчнээн хэмжээний түлшийг хуваарилах вэ?

 

-Өнгөрсөн жилийн санал, гомдолд хамгийн их ирсэн нь хүртээмжийн асуудал байсан. Одоогийн байдлаар нэг өрхөд зургаан шуудай шахмал түлш олгоно. Өөр хэмжээгээр өгөх шийдвэр гараагүй учир одоогоор батлагдсан журмаар ажиллана.

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин