НҮБ-ын Ерөнхий ассамблей: Трамп цар тахалд Хятадыг дахин буруутгав
2020-09-23

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 75 дахь удаагийн чуулга есдүгээр сарын 22-ны өдөр нээлтээ хийлээ. Энэ жил дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас улс орнуудын төрийн тэргүүнүүд чуулганы индэр дээрээс биш харин урьдчилан бичсэн дүрс бичлэгээр үг хэлж байгаа юм. Чуулган дээр үг хэлсэн дэлхийн төрийн тэргүүнүүдийн мэдэгдлийг түүвэрлэн хүргэж байна. 

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлсэн үг түүний хувьд хамгийн богино хугацааных байлаа. Тэрбээр долоо минут гаруйтай хугацаанд үг хэлсэн бөгөөд өмнө нь Трамп Ерөнхий ассамблейн журамд заасан 15 минутын хугацаанаас үргэлж давдаг байжээ. Өнгөрсөн жил тэрбээр 36 минут, 2018 онд ч  мөн ийм хугацаагаар үг хэлсэн бол 2017 онд 41 минутын туршид үг хэлж байв.

 

Тэрбээр дүрс бичлэгээр дамжуулсан мэдэгдлээ шинэ коронавирусийн талаарх сэдвээс эхэлсэн байна. Дональд Трамп дахиад л "Хятадын вирус" гэх үг амнаасаа унагаж, Хятадын эрх баригчдыг цар тахалд буруутган хатуухан шүүмжилжээ.

 

"Вирус дэгдэж эхлэх үед Хятад улс дотроо зорчихыг хориглосон ч Хятадаас гадаад улс руу нисэхийг зөвшөөрөн, ингэснээрээ бусад улс орнуудад халдвар тархах нөхцлийг бүрдүүлсэн. Хятадын Засгийн газар болон бараг л Хятадын хяналтад байдаг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага вирус хүнээс хүнд дамждаг гэх баталгаа байхгүй гэсэн худал мэдэгдэл хийж байлаа. Гэтэл дараа нь өвчний шинж тэмдэггүй хүмүүс өвчин тараадаггүй гэж бас л худал мэдэгдсэн" хэмээн Трамп шүүмжилсэн байна. 

 

Тиймээс НҮБ Хятадыг энэ үйлдлийнх нь төлөө хариуцлагад татах ёстой гэж Дональд Трамп цохон тэмдэглэсэн байна. 

 

"Дэлхийн хоёрдугаар дайн дуусч, НҮБ байгуулагдсанаас хойш 75 жилийн дараа бид дахин дэлхий дахины агуу тэмцэлд татагдан орлоо. Бид 188 оронд олон хүний амь насыг авч одсон, Хятадын вирус болох үл харагдах дайсантай тулалдаж байна. АНУ-д Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн их дайчилгааг хийж байна. Бид вакциныг түгээж, цар тахалд цэг тавин, хөгжил цэцэглэлт, хамтын ажиллагаа, энх тайвны шинэ эринд хөл тавина" хэмээн Дональд Трамп мэдэгджээ.

 

Трамп хэлсэн үгэндээ олон улсын харилцааны тулгамдсан асуудлуудыг хөндөхийн зэрэгцээ НҮБ-ын үйл ажиллагааны талаар ч ярьсан байна. "НҮБ үр ашигтай байгууллага байхын тулд дэлхийн бодит асуудлууд дээр анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Энэ бол алан хядлага, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах, албадан хөдөлмөр, хар тамхины наймаа, хүний наймаа болон бэлгийн боолчлол, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах болон шашны цөөнхүүдийг цэвэрлэх гэсэн асуудлууд юм" хэмээн Трамп мэдэгджээ. 

 

НҮБ-ын Ерөнхий ассамблей: Путин НҮБ-д үнэгүй вакцин санал болгов

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин