ИТХ-ын сонгуулиар хууль бус сурталчилгааг ХОРИГЛОНО
2020-09-30

 

Орон нутгийн ИТХ-ын хурлын сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчдэд өнөөдөр үнэмлэх гардуулна. Хуулиараа нэр дэвшигчийн үнэмлэх гардсанаар сонгууулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлж байгаа юм.

 

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхлэн 14 хоног үргэлжилж,  2020.10.13-ныг дуустал хугацаанд явагдах юм. Энэ удаагийн аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуульд улсын хэмжээнд нийт 17100 орчим нэр дэвшигч өрсөлдөнө. Үүнээс 310 нь бие даан өрсөлдөх юм байна. Энэ удаагийн сонгуульд эрх баригч хүчин МАН дангаар өрсөлдөж байгаа бол АН, МАХН, ШИНЭ нам хамтарч оролцож байгаа.

 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 38.2 дахь хэсэгт сонгуулийн сурталчилгааг дараах арга, хэлбэрээр явуулахаар заажээ. Үүнд:

  • сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах;

  • нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах;

  • хуульд өөрөөр заагаагүй бол намын далбааг гудамж талбайд байрлуулах, таних тэмдэг, уриа ашиглах;

  • сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх;

  • ухуулах байр ажиллуулах;                                     

  • радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах;

  • цахим орчин ашиглах;

  • өдөр тутмын болон бусад сонин, сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх.

 

Сонгуулийн сурталчилгааны уулзалт, хандивын талаар сонгогчдод зар, урилга явуулсныг сурталчилгааны хэвлэмэл материалд оруулан тооцохгүй бөгөөд ийм төрлийн зар, урилга нь А5 хэмжээнээс илүүгүй байх юм. 

 

АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИТХ-ЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИАС:

 

47 дугаар зүйл.Хууль бус сурталчилгааг хориглох:

 

47.1.Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор болон дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

 

47.1.1.мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх;

 

47.1.2.нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт

таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх;

 

47.1.3.сонгогчийг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах;

 

47.1.4.ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх;

 

47.1.5.хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах;

 

47.1.6.сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах;

 

47.1.7.хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэх.

 

47.2.Улс төрийн намаас зөвхөн гишүүдийнхээ хүрээнд зохион байгуулсан сургалт, уулзалтыг сонгогчдын саналыг татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамааруулахгүй.

 

47.3.Сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч болон түүний менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно.

 

47.4.Төрийн улс төрийн албан хаагч сонгуулийн сурталчилгаанд оролцож болно.

 

47.5.Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

 

47.5.1.энэ хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх;

 

47.5.2.зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх;

 

47.5.3.сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах;

 

47.5.4.энэ хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашиглах;

 

47.5.5.оройн 22:00 цагаас дараа өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд чанга яригч ашиглах;

 

47.5.6.олон нийтийг хамарсан аливаа шашны зан үйл ашиглах, түүнийг зохион байгуулах, оролцох, ивээн тэтгэх, шашны холбогдолтой эд зүйл тараах.

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин