Л.Бат-Амгалан: “Single ladies” хамтарч ажиллахад таатай хүмүүс
2020-09-30

 

 

“Single ladies-4”  цуврал кино 10 дугаар сарын 1-ний өдөр нээлтээ хийхээр болсон. Үзэгчдэд их хүлээлт үүсгэсэн “Single ladies-4” киноны найруулагч Л.Бат-Амгалантай ярилцлаа.

 

-Жүжигчин Г.Ундармаагаас хамтарч ажиллах санал авахад ямар байсан бэ?

 

-Анх их гайхаж, яагаад би юм бол гэж бодсон. Г.Ундармаа эгч хэлэхдээ, “Би их олон найруулагч дундаас киноныхоо найруулагчийг хайж байсан. Нэг өдөр “Од ба гэгээ” киног үзээд их өөр санагдсан. Тэгээд өөр төрлийн, арай ондоо найруулагчтай хамтарч ажиллаж үзье гэж шийдсэн. Энэ хүн л хийгдэж ирсэн уламжлалт киноноос маань өөр болгох юм байна гэж харсан” гэсэн. Энэ хэлсэн үг надад их нөлөөлсөн.  Хүн надад тэр том итгэлийг хүлээлгэж байхад би түүнийг даахаас өөр аргагүй шүү дээ.

 

Тэгээд ч энэ бол миний хувьд карьерийн өөрчлөлт, эргэлт болсон. Олон улсад арт кино хийдэг найруулагчид яваандаа арилжааны чиглэл рүү ордог. Эрт орой хэзээ нэгэн цагт орох юм чинь одоо орчихъё, гээд зориглосон.

 

-Нээлт хугацаанаасаа хойшилсон нь цар тахалтай холбоотой байх. Гэхдээ зарим уран бүтээлчид өнгөрсөн хугацаанд цахимаар нээлтээ  хийж, кино багцад байршуулж байсан.

 

-Хүлээлт их байсан. Давтагдашгүй хүчин зүйл нөлөөллөө. Хоёрдугаар сард нээлтээ хийх байсан. Гэхдээ оновчтой цаг гэж 10 дугаар сарын 1-ний өдөр нээлтээ хийхээр товлолоо. Бүтээлийнхээ чанарыг сайжруулах үүднээс техник, тоног төхөөрөмж, дэлгэц,  дуугаралт бүртээ анхаарч ажилласан. Хэрвээ бид цахимаар нээлтээ хийчихвэл үзэгчид мэдэрч чадахгүй гэж үзэн танхимаар нээлтээ хийж байгаа.

 

-“Single ladies-4” кино таны найруулсан хэд дэх уран бүтээл вэ?

 

-Би богино хэмжээний зургаан кино хийсэн. "Single ladies-4" бол миний бүрэн хэмжээний кинонд хийсэн хоёр дахь найруулга юм.

 

-Найруулагчид бүтээлийнхээ багийг өөрсдөө сонгон шалгаруулдаг. Энэ киноны тухайд өмнө нь бүрдсэн баг. Хамтарч ажиллахад хэр байв?

 

-Үндсэн “U Film” уран бүтээлийн нэгдэл нь 2013 онд жүжигчин Г.Ундармаа эгчийн санаачилгаар байгуулагдсан. Энэ нэгдэл хамт олон бол маш нягт, эв санаа нэг, дайчин эмэгтэйчүүд байдаг. Би энэ хамт олонтой сайн ойлголцож, гар нийлэн ажилласан юм. Хамтарч ажиллахад их таатай хүмүүс.

 

-Дөрөвдүгээр ангид киноны бүтэц хэр өөрчлөгдсөн бэ? Трейлерээс харахад өмнөх гурван ангиасаа эрс өөр санагдсан.

 

-“Single ladies-4” кино олон төрөл жанрыг агуулсан. Дүрийн хувьд дөрвөн төрлийн жанрыг агуулсан. Түүхэн, драм, дайн тулаан, инээдмийн гэсэн жанр агуулсан. Мэдээж нэг, хоёр, гуравдугаар ангийнхаа инээдмийн өнгө аясыг хадгалсан боловч түүхэн, илүү нухацтай болсон. Хийц болон утга агуулгын хувьд ч өргөн цар хүрээтэй боллоо. Трейлер дээрээ фантазлаг харагдаж байж магадгүй. Шоу ч юм шиг байгаа. 10 дугаар сарын 1-нээс киногоо үзэх юм бол илүү өөрөөр хүлээж авах байх.

 

-Хэр туршлага хуримтлуулсан гэж үзэж байна вэ?

 

-Хүн амьдралынхаа туршид бүх зүйлээс суралцаж байдаг. Ялангуяа киноны найруулагч хүн бүтээл бүрээсээ суралцдаг. Түүхэн кино гэдэг олон хүмүүсийн хамтын ажиллагаа, хөдөлмөр, цаг хугацаа, судалгаа орно. Би түүхэн кино хийвэл илүү туршлагатай, том хөдөлж чадах юм байна гэдгээ мэдэж авсан. Миний хувьд түүхэн болон инээдмийн киног нэлээн хожуу хийх бодолтой байсан  Гэнэт тойрч байсан төрлийн кинотойгоо нүүр тулчихсан.

 

-Жүжигчин Г.Ундармаа та хоёрыг дараагийн уран бүтээлийн ажилдаа орсон гэж дуулсан. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

 

-Дараагийн уран бүтээлээ ч хамтарч ажиллаж байна. Эмч  нарын тухай 20 ангитай кино. Ундармаа эгч эмнэлгийн чиглэлээр хүмүүнлэгийн ажил хийдэг. Үүнээс гадна хувь хүний нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэндийн чиглэлээр кино хийвэл хүмүүст илүү өгөөжтэй болов уу гэж бодсон. Энэ киноны судалгааг зуны гурван сарын турш хийлээ. Одоогоор зохиол дээрээ ажиллаж байна.

 

Олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох чухал. Эрүүл мэндийн боловсролгүйгээс эмнэлгийн тусламж авалгүй нас барж, гэмтэж бэртэж, насан туршдаа тахир дутуу болж байгаа. Үүнээс сэргийлэх хэрэгтэй. Бас эмч нар ямар нөхцөлд ажилладаг, хууль эрх зүй, гэр бүлийн орчин гээд олон ээдрээд асуудал тэр хүмүүст бас байдгийг харуулахыг зорьж байна.

 

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

 Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
z:
zaaas medrel kino gooo vzeeel baysdag teneg mongolchuuud ih bolsoniiih
2020-10-02
irgen:
даруухан найруулагч юм аа амжилт
2020-09-30