ШУУД: Тариаланчдад 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн
2020-10-02

 

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Шадар сайд Я.Содбаатар танилцулга хийлээ.  Тэрбээр:         

                                                                 

-2020 оны ургацын урьдчилсан балансаар 513 мянган тонн үр тариа, үүнээс 487 мянган тонн улаанбуудай, 237 мянган тонн төмс, 113 мянган тонн хүнсний ногоо, 33 мянган тонн тосны ургамал, 109 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авч, гурил үйлдвэрлэлд нийтдээ 398 мянган тонн буудай нийлүүлэх боломжтой гэсэн төлөв гарсан.

 

Манай улсын жилийн хэрэгцээт гурил, төмс, хүнсний ногоог дотооддоо үйлдвэрлэхэд 306 мянган тонн цэвэр хүнсний улаанбуудай, 180 мянган тонн төмс, 251 мянган тонн хүнсний ногоо шаардлагатай бөгөөд балансаас харахад улаанбуудай, төмсний хэрэгцээгээ бүрэн, гол нэрийн хүнсний ногооны 60 орчим хувь, бага тархацтай ногооны 45 хувийг тус тус дотоодын ургацаас хангах боломжтой байна.

 

Ургацын урьдчилсан төлөвийг өнгөрсөн оны ургацын дүнтэй харьцуулбал хураан авах улаанбуудай 80 мянган тонн, төмс 46.2 мянган тонн, хүнсний ногоо 19 мянган тонноор илүү байхаар байна.

 

 

2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 49.6 мянган га талбайг ангилан хадаж, нийтдээ 93.7 мянган га-гаас 121.2 мянган тонн үр тариа, үүнээс 115 мянган тонн улаанбуудай, 14.7 мянган га-гаас 194.1 мянган тонн төмс, 5.8 мянган га-гаас 69.7 мянган тонн хүнсний ногоо, 14.8 мянган га-гаас 39.2 мянган тонн тэжээлийн ургамал, 7.7 мянган га-гаас 3 мянган тонн тосны ургамал тус тус хураан авснаар үр тарианы хураалт 24.5 хувь, хүнсний ногооны хураалт 60.8 хувь, төмсний хураалт 79.1 хувийн явцтай байна.

 

Улсын хэмжээнд ургац хураалтын бэлтгэлийг бүрэн хангасны үндсэн дээр ургацыг хяруу, хүйтрэлтээс хамгаалах, ангилан хадсан тарианы мөрийг эргүүлэх, хатаах төхөөрөмж бэлтгэх, үтрэмийн техникийн ашиглалтыг сайжруулах, хураалтад ажиллах оюутан, цэргийн алба хаагчдын аюулгүй ажиллагаа, байр, цалин урамшууллын асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

 

Орон нутгийн авто замын засвар арчлалтын компаниуд ургац тээврийн гол 17 чиглэлийн нийт 396 км авто замыг засварлаж байгаа бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар засварын ажил 89.3 хувьтай явагдаж байна.

 

Улсын хэмжээнд 220.2 мянган тонн багтаамжтай, 10 мянга гаруй зоорь бүртгэлтэй байгаа бөгөөд зоорь, агуулахын нийлбэр багтаамжийг энэ оны төлөвлөсөн ургацын хэмжээтэй харьцуулахад 62.8 хувийг хадгалах хүчин чадалтай байна.

 

Төмс, хүнсний ногооны борлуулалтыг дэмжих зорилгоор “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг Улаанбаатар хотод зохион байгуулж, 9 дүүргийн 45 байршилд шинэ ургацын төмс, хүнсний ногоо худалдан борлуулж байна.

 

Мөн тариаланчдад 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг бүрэн шийдвэрлэж, арилжааны банкуудаар дамжуулан олгож эхэлсэн.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр 2020.10.03-2020.10.20-ны өдрүүдэд тариалангийн бүс нутгуудаар цаг агаар тогтворжиж, ургац хураалтыг хэвийн явуулах боломж бүрдэж байгаа тул энэ хугацааг үр дүнтэй ашиглаж, ургац хураалтын ажлаа эрчимжүүлэх, тариаланчид болон холбогдох төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдааг хангаж ажиллахад анхаарч байна.

 

Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр Засгийн газар “Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 19 дүгээр тогтоолыг гаргаж, бүх шатанд хэрэгжилтийг эрчимтэй хангуулан ажиллаж байна. Энэхүү тогтоолын хүрээнд:

 

-2020-2021 онд өвөлжих болон хэрэгцээлэх малыг малын төрөл, сүргийн зохистой харьцаанд тулгуурлан нэгтгэн гаргаж, боломжит хэмжээгээр эдийн засгийн эргэлтэд оруулах, мал, махны экспортыг нэмэгдүүлэх;

-нийслэл, аймгийн төв, суурин газрын хүн амын өвөл, хаврын хүнсний хэрэгцээнд зориулан мал, мах бэлтгэж, нөөц бүрдүүлэх;

-цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшигт тохиолдлоос урьдчилан сэргийлэх, шуурхай хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг хангах;

-отрын бүс нутаг, газрын хуваарь, отроор өвөлжиж, хаваржих малчин өрх, малын судалгааг гаргаж, зохион байгуулалтад оруулах, оторлох мал сүргийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, угаалга, тарилга, туулгад хамруулах;

-бэлчээрийн ургамлын ургалт муу байгаа, бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээрлэх нөхцөл хүндэрсэн аймаг, орон нутагт зудын эрсдлийн үнэлгээг хийж, өвс, тэжээл бэлтгэх, аюулгүйн нөөцийг бүрдүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр заасан.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай, Хэнтий, Дундговь, Ховд аймгуудад бүсийн нэгдсэн зөвлөгөөн хийж, дээрх Засгийн газрын тогтоолын хүрээнд өвөлжилтийн бэлтгэлийг хангуулахад онцгой анхаарч ажиллах талаар аймаг, орон нутгийн удирдлагуудад тодорхой үүрэг, чиглэл өгч ажиллалаа.

Манай орны бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийт нутгийн 56 хувьд “сайн”, 31 хувьд “дунд”, 13 хувьд “харьцангуй муу” гэсэн үнэлгээтэй байна.

 

Энэ зун нийт нутгийн 70 гаруй хувьд олон жилийн дундаж орчим буюу түүнээс ахиу; харин Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговь аймгийн ихэнх; Дундговь, Хөвсгөлийн зарим нутгаар дунджаас бага тунадас орсон.

 

Мөн оны 5 дугаар сард ихэнх нутгаар сэрүүн буюу дулаан дутсанаас бэлчээрийн ургамлын ургалт удааширч, 7 дугаар сараас зуншлага сайжирсан боловч Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговь аймгийн ихэнх нутгаар гантай байлаа.

 

Цаг уур, орчны шинжилгээний газрын ирүүлсэн мэдээллээр 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даац нийт бэлчээрийн 50.6 хувьд хүрэлцээтэй, 25 хувьд 1-3 дахин, 6.1 хувьд 3-5 дахин, 18.3 хувьд 5-аас олон дахин хэтэрсэн байна.

 

Улсын тусгай хамгаалалттай газар, хилийн зурвас газар, улсын тусгай хэрэгцээний аймаг дундын 9 отрын бүс нутаг, орон нутгийн тусгай хэрэгцээний отрын нөөц нутагт отроор өвөлжиж, хаваржих малчин өрх, малын тооны судалгааг нэгтгэвэл:

-улсын тусгай хамгаалалттай газарт 7544 өрхийн 3.1 сая толгой мал;

-хилийн зурвас газарт 3539 өрхийн 1.3 сая толгой мал;

-улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт 2685 өрхийн 2.4 сая толгой мал;

-орон нутгийн тусгай хэрэгцээний отрын нөөц нутагт 2658 өрхийн 1.5 сая толгой мал буюу нийт 16426 өрхийн 8.35 сая толгой малыг отроор өвөлжүүлж, хаваржуулах хүсэлт иржээ.

 

Эдгээр хүсэлтийн хүрээнд улсын тусгай хамгаалалттай газар болон хилийн зурвас газрын бэлчээрийн даацад тохирсон тооны малыг отроор өвөлжүүлж, хаваржуулах арга хэмжээг шуурхай зохион байгуулж, мал аж ахуйн салбарын эрсдэлийг даван туулах чадавхийг нэмэгдүүлэн өвлийг өнтэй давах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

 

Өвс, тэжээлийн дотоодын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хивэгний экспортыг 2020.09.21-2021.04.01-ний өдрийг хүртэлх хугацаанд түр хязгаарлах арга хэмжээ авсан бөгөөд үр дүнд 60 гаруй мянган тонн хивгийг мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангахад нийлүүлэх боломж бүрдэж байгаа.

 

2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар аймаг, сумын аюулгүй нөөцөд 4.8 мянган тонн өвс, 960.3 тонн тэжээл; малчдын түвшинд 581 мянган тонн өвс, 212 тонн сүрэл, 7.6 мянган тонн ногоон тэжээл, 1.3 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 9.5 мянган тонн гар тэжээл, 22.1 тонн дарш, 11.1 мянган тонн хужир, шүү тус тус бэлтгээд байна.

 

2020 онд бэлчээрийн усан хангамжийг сайжруулах ажлын хүрээнд улсын болон орон нутгийн төсөв, төсөл, хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар 21 аймгийн 241 суманд 407 худгийг шинээр байгуулж, 130 худгийг сэргээн засварлалаа.

 

Мал сүргийг эрүүлжүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг малын гаралтай, чанартай түүхий эдээр хангах зорилгоор мал угаалгын арга хэмжээг нэгдсэн төлөвлөгөө гарган зохион байгуулан ажиллаж байна.

 

Энэ хүрээнд малын эрүүл мэндийн үзлэгийн арга хэмжээнд 70.4 сая толгой мал сүргийг хамруулахаар төлөвлөснөөс 9 дүгээр сарын байдлаар 51 сая толгой буюу мал сүргийн 72.4 хувийг хамруулаад байна.

 

Шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд 70.5 сая толгой мал сүргийг хамруулсан бөгөөд гүйцэтгэл 77.5 хувьтай байна. Улсын хэмжээнд 2020 оны 9 дүгээр сарын байдлаар 112 сая га хадлан, бэлчээрийн талбайд 90 сая орчим толгой мал бэлчээрлэж байна. Үүнээс 2020 онд бойжуулсан 22.7 сая толгой төлөөс багагүй, түүнчлэн бэлчээрийн даац хэтэрсэн аймгууд болон газар тариалан эрхлэх бүс нутгаар зарласан аймгуудын өнгөрсөн оны эцэст тоологдсон малын 10 хүртэл хувийг зах зээлд нийлүүлэхээр тооцож, нийт малын 28 орчим хувь буюу 25 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, дотоодын хүн амын хүнсний хэрэгцээнд 10-12 сая толгой, экспортод 13-15 сая толгой малыг нийлүүлэх боломжтой юм. Нийслэлийн хүн амын өвөл, хаврын махны хангамж, үнийг тогтвортой байлгахад анхаарч, 20 мянган тонноос багагүй хэмжээний махны нөөц бүрдүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна. Энэ хүрээнд Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан арилжааны банкны зээлээр мал, мах бэлтгэх аж ахуйн нэгжид олгох зээлийн хүүгийн хөнгөлөлтийг 12 хүртэл сарын хугацаатай, 11 хувьтай байхаар тогтоосон.

 

Түүнчлэн мөн өдрийн Хүнсний аюулгүй байдлыг хангах үндэсний зөвлөлийн хуралдаанаар 2020 онд нэмэлтээр экспортлох дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны махны хэмжээг 40 мянган тонн хүртэл байхаар тогтоохыг дэмжиж, хүйтний улирлын төлөв байдлыг харгалзан Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгаас бог мал бэлтгэх ажлыг шуурхай зохион байгуулахыг чиглэл болгосон.

 

Төв, суурин газрын эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор их болон урсгал засварын ажлыг шуурхай зохион байгуулах, өвлийн их ачааллыг хүндрэлгүй давах, өвөлжилтийн явцад гарах хүндрэлийг шуурхай зохицуулж, бэлэн байдлыг хангахад онцгой анхаарал хандуулж байна.

 

Энэ хүрээнд Засгийн газар “Төв, суурин газрын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” 69 дүгээр тогтоолыг гаргаж, бүх шатанд хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

 

2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар эрчим хүчний үйлдвэр, компаниудын өвөлжилтийн бэлтгэл ажил дунджаар 85.3 хувь, санхүүжилт 61.2 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин нүүрсний уурхайнуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл Багануурт 82 хувь, Шивээ-Овоод 81.6 хувь, Шарын голд 76 хувьтай байна. Төвлөрсөн хот, суурин газруудын хэрэглэгчдийн шугам, сүлжээ гэмтэлтэй, засвар үйлчилгээ дуусаагүй байгаа тул халаалт залгалт 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 90 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Харин аймгийн төвүүдийн дулааны цахилгаан станц, халаалтын зуухны газруудын өвөлжилтийн бэлтгэл хангах засвар, шинэчлэлийн ажлын явц 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байна.

 

Боловсролын салбарын хувьд 36 сургууль, 27 цэцэрлэг, 10 дотуур байр, орон нутагт 3, нийт 73 их засварын ажлыг 20.6 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэсэн бол 8.6 тэрбум төгрөгийн 27 их засварын ажил үргэлжлэн хийгдэж байна. Эрүүл мэндийн салбарын хувьд 2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 12.8 тэрбум төгрөгийн 57 ажлыг хийж гүйцэтгэж байна. 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 16 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон нийслэлийн 3 дүүргийн эрүүл мэндийн байгууллага, тэдгээрийн харьяа 7 байгууллагын засвар шинэчлэлийн ажлын гүйцэтгэл 92.3 хувьтай байна.

 

 

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, нийслэлийн харьяа газар, дүүргүүд нийт 1356 арга хэмжээ төлөвлөснөөс 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Улаанбаатар хотын 1-14 магистраль шугамд нийт 9 зогсолт хийхээс 9 дэх засварын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж, 2020 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар дулааны төв шугам тоноглол, насос станц, хэрэглэгчдийн шугам тоноглолын засварын ажил 99.2 хувийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн нийслэлийн 14 байршилд 250-800 мм голчтой, 3 хос км шугамыг шинээр татах, өргөтгөн шинэчлэх ажлын гүйцэтгэл 69 хувьтай байна. Мөн Улаанбаатар хотын гол болон туслах 69 гудамж замд нийт 24,700 м2 нөхөөсний ажил, 1749 ширхэг тэмдэг арчлалтын ажил, 1126,2 у/м хайс арчлалтын ажил, 20 гудамжинд 110,000 у/м авто замын ан цав, заадас арчлах ажил, 249,985 м2 шороон зам хусч тэгшлэх ажлыг 100 хувьтай гүйцэтгэсэн байна. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 20 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах шатахуун, зайлшгүй шаардлагатай сэлбэг, шатах тослох материал, хөлддөггүй шингэн, спиртийн нөөцлөлт 90 хувьтай байна.

 

Түүнчлэн замын хөдөлгөөны аюулгүй байдлыг хангах, авто замын халтиргаа, гулгаанаас сэргийлэх хүрээнд шаардлагатай бодис, давсны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нийт 4385 тонн бодис, 3726 тонн давсны нөөцийг бүрдүүллээ. Энэ нөөц нь өмнөх жилүүдийн нөөцлөлт, зарцуулалтын түвшинд байгаа бөгөөд зам талбайн хальтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэхэд хүрэлцэхээр байна.

 

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа 2776 зуухнаас 2019-2020 онд 126 зуух төвлөрсөн дулаан, 266 зуух цахилгаан, 34 төрийн өмчит байгууллага хийн түлш, 2024 зуух сайжруулсан түлш, 109 зуух мидлингийг түлшинд тус тус хэрэглэхээр болж, нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 2021-2022 халаалтын улиралд дулааны үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч 22 байгууллагын 214 халаалтын зуух түүхий нүүрс хэрэглэхээр байна. 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар “Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн их засварын ажил 90 хувь, үйлдвэрийн тоосжилтыг багасгах ажил 65 хувь, гадна зам, талбайн бетон хучилтын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд нийт дүнгээр өвөлжилтийн бэлтгэл ажил 76 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин нийслэлийн зүүн бүсэд баригдаж байгаа шинэ үйлдвэрийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл 65 хувь, тоног төхөөрөмжийн угсралт 81 хувь, нийт ажлын гүйцэтгэл 64 хувьтай байгаа бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний түүхий эд (мидлинг) дундын агуулахад 386 мянган тонн, баруун бүсийн үйлдвэрийн хашаанд 53.9 мянган тонн, зүүн бүсийн үйлдвэрийн хашаанд 3.2 мянган тонн, нийт 443.1 мянган тонн нөөцтэй байна.

 

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан шахмал түлшээр жигд, хүртээмжтэй хангах хүрээнд дүүрэг тус бүрд 60 мянган тонноос доошгүй сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн 6 дүүрэгт байрлах агуулах болон үйлдвэрийн саравч, хангамжийн баазад нийт 84.3 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцлөөд байна. 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд нийт 288 борлуулалтын цэг үйл ажиллагаа явуулан сайжруулсан шахмал түлшийг борлуулж байна. Түүнчлэн агаарын чанарыг сайжруулах бүсэд орших 200 мянган айл өрхийг угаарын хий буюу нүүрстөрөгчийн дутуу исэл мэдэрч, сэрэмжүүлэх төхөөрөмжөөр хангахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд 178192 айл өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулсан бол судалгааны дүнд үндэслэн шинээр 15634 айл өрхөд төхөөрөмж суурилуулахаар ажиллаж байна.

 

Мөн Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах зорилгоор аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газруудын гэр хорооллын хоёр тарифт тоолууртай өрхийн тухайн оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны 3 дугаар сарыг дуустал 21:00-06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлөхөөр шийдвэрлэлээ гэлээ.

 

Дараагаар нь гишүүдийн асуултад сайд нар хариулж байна. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Алтанцэцэг:
Ажилаа сайн хийсэн байна амжилт хүсье ялангуяа цахилгааны үнийг 100 хөнгөлсөнд баярлалаа уг нь та нар сайнл байдаг ардчилсан намын хийгээгүй хэрэгжүүлж сэтгэл гаргаж чадаагүй чухал амин ажилуудыг та бүхэн хийж чадсан шүү та нар урагшаа харж хүчтэй байгаарай ардчилсан намын жонхуугын 11 гөлөг та нарыг юу гэж хэлэх хэлэхгүй үгээр доромжилж байсан ч битгйи тоо дуугуй байж ажилаа л хии 65 байсан яагаад 62 болов одоо бол 61шүү дээ 1 нэгнь яасан бэ жаргалтулгаа эргэж тойрч байгаарай дараагын сонгуулиар заавал энэ 11 гөлөгийг жонхуутай нь зайлуулж 76 уулаа болоорой гэж ерөөе хайртай шүү амжилт дараагын удаа 76 уулаа брлохын тулд одооноос эхэлж хичжэгээрэй
2020-10-03