Л.Мөнхтүшиг: Гадаадын иргэдэд богино хугацааны виз олгоно
2020-10-07

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.10.07/ хийлээ. Хэвлэлийн хурал ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ГХЯ-ны Консулын газрын  захирал Л.Мөнхтүшиг нарын албаны хүмүүс оролцов.

 

 

ГХЯ-ны Консулын газрын  захирал Л.Мөнхтүшиг: 

 

-Өнөөдрийн байдлаар 81 улсаас 23354 иргэнийг эх оронд нь авчраад байна. Үүнээс нийт 84 удаагийн тусгай үүргийн нислэгээр 16816 иргэн ирсэн байгаа. Энэ сард УОК-оос өгсөн чиглэлийн дагуу 11 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэнэ. Эхний нислэг буюу Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нислэг хийгдсэн. ГХЯ-наас  Элчин сайдын яамдаар дамжуулан нутаг буцах  хүсэлтэй иргэдийн мэдээллийг шинэчилж ирсэн. Энэ мэдээллийг илүү нарийвчилж, хүнд нөхцөлд байгаа, гадаадад гацсан гэсэн тодотголд хамрагдах тоон мэдээллийг гаргаж байгаа.

 

Өнөөдрийн байдлаар нэн яаралтай буцах шаардлагатай гэсэн  3 мянга орчим иргэн байна. Үүнээс 2500 орчим нь БНСУ-д байгаа бол АНУ-д 250 гаруй, Европ болон бүс нутгийн улсуудад байгаа иргэд нийт 490 орчим  байгаа. Нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо нийт 9 мянга орчим байна.  Энэ сарын тусгай үүргийн  нислэгээр урьдчилсан байдлаар 2760 иргэнийг авч  ирнэ гэж тооцож байгаа. Сарын сүүлээр яаралтай буцах хүсэлтэй иргэдийн тоо буурч, татан авах ажиллагаа дуусна гэж  хэлж болно.

 

Хүйтний улирал эхэлж байгаа учраас тусгай  үүргийн нислэгээр ирсэн иргэдийг задгай  талбайд буулгаж тусгаарлах байр руу тээвэрлэж байгаа горимыг өөрчлөн энэ  сарын 04-нд үйлдэгдсэн Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нислэгээс эхлэн  онгоцонд хоолой залгаж нисэх буудлаар дамжуулан зорчигчдыг тусгаарлах байр руу тээвэрлэж эхэлсэн. Энэ ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэм баримтлан ажиллаж байгаа. 

 

Коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Засгийн газар, УОК-оос авч хэрэгжүүлж байгаа шат дараатай арга хэмжээний хүрээнд нэгдүгээр сарын 27-ноос эхлэн богино хугацааны бүх төрлийн визийг олгохыг зогсоосон байсан. Цаашид цар тахлын нөхцөл байдалтай уялдуулаад урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахын сацуу нийгэм эдийн засагт үзүүлж байгаа  сөрөг нөлөөллийг бууруулах бүтээн байгуулалт, бизнесийн үйл ажиллагааг сэргээх, төрийн болон төрийн бус байгууллагууд төсөл хөтөлбөр, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжиж хэвийн горимд нь оруулахад дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд нэн шаардлагатай манай улсад ирэх хүсэлтэй албаны болон, бизнесийн шугамаар ирэх гадаадын иргэдэд  богино хугацааны зөвшөөрөл олгохыг УОК-ын удирдлагаас өгсөн.

 

Энэ ажлыг хэрэгжүүлэхдээ богино хугацааны буюу 30 хоногийн визтэй ирээд 21 хоног гадаадын иргэдийг тусгаарлах байранд тусгаарлагдаад дахин 30 хоногоор нэг удаа виз сунгуулах боломжтой. Өөрөөр хэлбэл гадаадын иргэн манай улсад богино хугацааны визээр ирээд 60 хоног байж болно гэсэн шийдвэр гарсан. Энэ ажлыг өнөөдрөөс эхлэн Элчин сайдын яамдууддааа мэдээлээд хэрэгжүүлнэ. 

 

Энэ ажлыг хэрэгжүүлэх хүрээнд Албан ажлаар болон бизнесийн шугамаар ирэх хүсэлтэй байгаа гадаадын иргэдийн мэдээллийг ГХЯ-ны Консулын газарт бичгээр хандах боломжтой. 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин