ВИДЕО: Агаарын бохирдол 30 хувиар буурсан
2020-10-08

 

НОБГ, НМХГ, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

 

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй:

 

-Сүүлийн үед айлуудгал  галлаж эхэлсэнтэй холбогдуулан угаарын хийн холбогдолт дуудлага нэмэгдсэн. 10 дугаар сарын 07-ны өдрийн 07 цагаас өнөөдөр өглөөн 07 цагийн хугацаанд гурван өрхийн дөрвөн хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Хоёр насанд хүрэгч, хоёр хүүхэд байлаа.

 

Цаг агаар эрс хүйтэрч байгаатай холбогдуулаад өрх бүр пийшин, зуухныхаа битүүмжлэлийг шалгах, яндангаа хөөлөх, агаар сэлгэлт хийх, утаа мэдрэгчийг байршуулах, тогтмол ажиллуулах шаардлагатай. Иргэд архидан согтуурч, даралт ихэссэн үеийн хордлого шинж тэмдгээ угаараас хордсон гэж дуудлага өгдөг. Зөв, үнэн дуудлага өгч байхыг нийт иргэдээс хүсье гэлээ.

 

Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал:

 

-Хоёрдугаар сараас гуравдугаар сар, есдүгээр сараас 11 дүгээр сар хүртэл агаарын температурын зөрүүг  барих, угаарын хийнд хордох эрсдэл их байдаг. Энэ хугацаанд нийслэлийн нутгийн захиргааны төрийн алба хаагчид төвийн зургаан дүүргийн гэр хорооллын айлуудаар явж яндан, зуухны зөв галлагаа, хөөллөгө, угаарын хийн суурилуулалт зэргийн ажлыг зохиосон. Өнөөдрийн байдлаар 190 мянга орчим угаарын хий мэдрэгчийг төвийн зургаан дүүргийн бүх айл өрхөд суурилуулж дууслаа.

 

"Таван толгой түлш” ХХК-иас энэ жил түлш борлуулах цэгийг 800-1000 хүргэнэ гэсэн зорилттой байгаа. Одоогийн байдлаар 500 орчим борлуулах цэг ажиллаж байна. Сайжруулсан түлшний тээвэрлэлтийн ажлыг хийдэг компанийн тоог нэмэгдүүлж байгаа. Өнгөрсөн онд 11 компани байсан бол энэ онд тээвэрлэлтийн 23 компани сайжруулсан түлшийг үйлдвэрээс борлуулалтын цэг болон хэрэглэгчдэд хүргэх ажлыг хийж байна.

 

“Таван толгой түлш” компаниас хэрэглэгчдэд үйлчлэх төв нэртэй 1000 орчим хүнтэй алба байгуулсан. Тэд төвийн зургаан дүүргийн айл өрхүүдээр явж хөгжлийн бэрхшээлтэй, зуух яндан хөөлөх боломжгүй айлуудаар захиалгын дагуу яндан зуухыг нь хөөлдөг.

 

Хүйтний улирал эхэлсэн учир сүүлийн үед агаарын бохирдол нэмэгдэж байна. Иймд агаарын чанарын мэдээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан гаргахад 20-30 хувиар буурсан байна гэлээ.

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин