О.Дашпагам: Эрсдэлт бүлгийнхнийг томуугийн вакцинжуулалтад үнэ төлбөргүй хамруулна
2020-10-09

 

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагамаас “Дархлаажуулалтын 10 хоног” аяны талаар зарим зүйлийг тодрууллаа. 

 

-Дархлаажуулалтын 10 хоногийн аян үргэлжилж байна. Яагаад томуугийн вакцинд хамрагдах шаардлагатай вэ?

 

-Вакцин гэдэг тухайн халдварт өвчнөөс хувь хүнийг хамгаалах бэлдмэл. Томуугийн вакцин хийлгэснээр хүн амын дунд эргэлтэд ордог, томууг үүсгэдэг, хүндрэл үүсгэдэг вирусээс хамгаалах тустай. Томуу өвчнийг үүсгэдэг вирус 12 дугаар сараас эргэлтэд ордог. Үүнийг бид томуугийн улирал гэж хэлдэг. Түүнээс гадна томуугийн амьсгалын замын шинж тэмдэг өгдөг томуу төст өвчнүүд хүн амын дунд байдаг. Тиймээс эрсдэл бүлгийн хүмүүс томуугийн улирал эхлэхээс өмнө дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай. Энэ жилийн “Дархлаажуулалтын 10 хоног” аяныг “Томуугаас сэргийлье” уриатайгаар энэ сарын 01-10-ны өдрүүдэд  зохион  байгуулж байна. Аяны хүрээнд томуугийн түгээмэл өвчлөл үүсгэдэг А хүрээний хоёр хэв шинж, B хүрээний нэг хэв шинжээс сэргийлэх вакциныг хийж байгаа.

 

 -Томуугийн вакцинд хэдэн насныхан хамрагдах боломжтой вэ?

 

-Жил бүрийн тандалт судалгаагаар томуугийн өвчлөлд 9 хүртэлх насны хүүхдүүд хамгийн өртөмтгий байдаг. Түүнээс  4 хүртэлх насныхан ихэнх хувийг эзэлж байгаа нь тогтоогдсон. Тиймээс нийслэлд 6 сартайгаас 9 насны хүүхдүүд, аймгийн төвийн 2-5 насны хүүхдүүдийг  томуугийн вакцинд хамруулж байгаа. Мөн эрсдэл бүлэг болох 65 болон түүнээс дээш насныхан, амьсгалын замын болон бусад архаг суурь өвчтэй, жирэмсэн эмэгтэй,  эмч   эмнэлгийн ажилчид үнэ төлбөргүйгээр харьяа сум дүүргийнхээ эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын түр цэгүүд дээр дархлаажуулалтад хамрагдана.  Мөн иргэд томуугийн вакцинжуулалтад өөрийн хүсэлтээр буюу сайн дураараа, үнэ төлбөртэй хамрагдах боломжтой.

 

-Томуугийн вакцин хийлгэснээр хэдий хугацааны дархлаа тогтдог вэ?

 

-Томууг үүсгэгч вирус нь маш олон төрөл бөгөөд хувьсамтгай байдаг. Тиймээс вирусийн тандалт судалгаагаар ирэх жилд томууг үүсгэгч вирусийн ямар хэв шинж нь давамгайлж байгааг судалсан суурь судалгаан дээрээ үндэслээд томуугийн вакцины хэв шинжийг ДЭМБ-ээс тогтоож байгаа. Энэ жил А хүрээний 2, B   хүрээний 1 омог хүн амын дунд зонхилон халдвар үүсгэнэ гэж үзээд вирусийн эсрэг вакцин хийж байгаа. Томуугийн вакцин жилийн дархлаатай байдаг.

 

-Томуугийн вакцинд хориглох заалт бий юу?

 

- Өмнө нь томуугийн болон товлолын вакцинд ямар нэгэн хариу урвал, хүндрэл илэрч байсан бол томуугийн вакцинд эсрэг заалт болно. Аливаа нэг халдварт өвчний цочмог үед эсвэл архаг суурь өвчний сэдрэлийн үед вакцин хийх хугацааг хойшлуулна.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин