М.Энх-Амар: Хүүхэд хамгааллын төсвөөс залуучуудын хөгжлийг дэмжихэд зарцуулдаг
2020-10-09

 

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд талуудын хамтын ажиллагааг бэржүүлэх нь” хэлэлцүүлэг Төрийн ордонд болж  байна. Хэлэлцүүлэгт оролцогсдоос байр суурийг нь сонслоо.  

 

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар:

 

-Хууль батлагдсан ч төсөв хөрөнгө нь дагаж батлагддагүйгээсээ болоод хэрэгжилт удаан байна. Манай агентлагийн нэг чиг үүрэг залуучуудыг дэмжих. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль 2016 онд батлагдсан. 2018 онд хөтөлбөртөө орсон. Гэтэл нэг ч төсөв байхгүй. Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүднээс хүүхэд хамгааллын төсвөөс 5-10 хувийг нь залуучуудын хөгжлийг дэмжих чиглэл рүү зарцуулдаг. Хүүхэд, залуучуудын нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, эмч, сэтгэлзүйчдийн ур чадварыг сайжруулах талаар шийдвэрлэх хэрэгтэй. Хүний нөөцийн хувьд тогтворгүй байдаг. Залуу нийгмийн ажилтнууд хүчирхийлэлд өртөөд ирсэн хүмүүстэй харьцаад шантардаг. Үүнээсээ болж боловсон хүчний дутагдалтай байдаг. 

 

Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал: 

 

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд хэвлэл мэдээллийн оролцоо чухал. Энэ тал дээр хэвлэл мэдээлэл үүргээ гүйцэтгэж байгаа. Гэхдээ хандлагыг нь өөрчлөхийн тулд ямар аргаар, ямар уран бүтээл туурвиж байж хүргэх юм. Хууль, тогтоол удирдах ажилтнуудын тархинд хүрнэ. Харин иргэдэд хүргэхэд хууль, тушаалаар биш хүний зүрхэнд хүргэх бүтээл хэрэгтэй. 

 

 

ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан:

 

-Ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөрт гэр бүлийн боловсрол олгох ёстой. Хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүс ёс суртахуун хүмүүжилгүй байдаг. Тиймээс гэр бүлийн боловсролыг боловсролын байгууллагаар дамжуулан олгох ёстой. 6000 гаруй хүн хүчирхийллээр баривчлагдаж  байгаа статистик байна. Үүний цаана илрээгүй хичнээн хүчирхийлэл үйлдэгдэж байгаа вэ. Урьдчилан сэргийлж, илрүүлэх талаар төр, төрийн бус байгууллаг хамтарч ажиллах, мэдээлэх ёстой. Хүчирхийлэл хуулиндаа биш хүндээ байгаа учир ёс суртахууны боловсролыг олгох хэрэгтэй. Хянан шалгах ажиллагааны явцад хохирогчийг хамгаалж чадаагүй учраас хэрэг шийдвэрлэгдэхгүй, хохирогчийн амин насанд халдах үйлдэл гарч байна. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Энэ нэг юм одоо зайлаачээ худлаа шаагаад л байх юм
2020-10-09