Л.Мөнхтүшиг: ОХУ-аас 80 гаруй иргэнийг Алтанбулагийн боомтоор нэвтрүүлнэ
2020-10-16

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.10.16/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нарын албаны хүмүүс оролцов. 

 

 

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:

 

-Агаарын замаар нийт 91 удаагийн нислэг үйлдэж 18021 иргэн, авто замаар эх орондоо ирсэн иргэдийн тоотой нийлүүлбэл 22566 иргэн эх орондоо ирээд байна.

 

ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй цөөн тооны иргэн, мөн манай улсад үйл ажиллагаа явуулдаг, багшилдаг, оршин суудаг ОХУ-ын иргэд нийлээд 80 гаруй иргэнийг ирэх долоо хоногт Алтанбулагийн боомтоор нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа. 

 

 

ГХЯ-наас нутаг  буцах хүсэлтэй иргэдийн тоог нарийвчлах ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар яаралтай буцах хүсэлтэй иргэдийн тоо огцом буурч Ази, Европ, АНУ-аас нийтдээ 150 орчим иргэн яаралтай буцна гэсэн мэдээллийг өгсөн байгаа. Үүнд БНСУ-д байгаа иргэд ороогүй. Учир нь БНСУ-д манай улсын иргэд хамгийн олноороо оршин суудаг. 

 

Энэ сарын 12-нд Сөүл дэх Элчин сайдын яамнаас ирүүлсэн мэдээгээр эх орондоо буцахаар бүртгүүлсэн 4388 иргэн байгаа. Тиймээс аравдугаар сард  таван удаагийн нислэг Сөүл хот руу үйлдэж байна. Энэ нислэгүүдээр 1200 гаруй иргэн эх орондоо ирнэ гэж тооцвол буцах хүсэлтэй иргэдийн тоо 3100 болж буурна.

 

БНСУ дахь Элчин сайдын яамнаас өгсөн мэдээллээр ойрын өдрүүдэд үйлдэх таван удаагийн нислэгээр өнгөрсөн саруудад нутаг буцах хүсэлтээ гаргаад УОК-оос тавьсан таван шаардлагад нийцсэн бүх иргэд эх орондоо ирнэ гэж мэдээлсэн. Бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн тоо 97 орчим хувийг эзэлж байгаа. 

 

Япон улс  руу энэ сарын 28-нд  нислэг үйлдэнэ

 

Аравдугаар сарын нислэгийн хуваарьт Сиатл руу нислэг үйлдэх  эсэхийг нарийн судалж байж эргэнэ мэдээлнэ гэсэн. АНУ дахь Элчин сайдын яамнаас авсан мэдээллээр өнөөдөр ирж байгаа нислэгт буцах хүсэлтэй иргэд хамрагдсан. Тиймээс үлдсэн иргэдээс  нарийвчилсан мэдээлэл авахад энэ сард нутаг буцах боломжтой иргэдийн тоо 46 байгаа гэж мэдэгдлээ. Тиймээс эдгээр иргэдийг транзит нислэгээр дамжуулж авах боломжтой гэж үзэж Япон улс  руу энэ сарын 28-нд  нислэг үйлдэхээр шийдвэрлэлээ. 

 

Энэ нислэгийг үйлдэх шалгаан нь аравдугаар сарын 01-нээс Япон улсын Элчин сайдын яам, Япон улсад байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэд виз олгож эхэлсэн. Энэ сарын 10-ны өдөр Токио руу 250 гаруй монгол иргэд явсан бол өнөөдрийн байдлаар виз нь гарсан иргэдийн тоо 300 гаруй байгаа учраас Токио руу виз нь гарсан  иргэдийг хүргэж өгөх зорилготой үйлдэгдэж байгаа.

 

Мөн холимог гэр бүлтэй иргэд БНХАУ руу зорчих хүсэлтээ тавиад байсан. ГХЯ-наас  БНХАУ-ын Гадаад хэргийн яамтай яриа хэлэлцээр хийсний үр дүнд виз олгож эхэлсэн байсан бол эхний ээлжийн 50 иргэнийг хилээрээ нэвтрүүлэх зөвшөөрлийг ӨМӨЗО-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдэгдлээ. Эрээн хотын удирдлагуудтай хилээр хэзээ нэвтрүүлэхийг хэлэлцэнэ. 

 

 Өнөөдөр БНСУ-аас транзит нислэгээр 14 улсаас манай улсын иргэд эх орондоо ирнэ. 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин