Өдрийн сурвалжилга: Циркийн хувьчлалаас нураах хүртэл...
2020-10-22 08:10

АСА цирк. Монголын үндэсний ЦИРК гэх “овогтой” бөмбөрцөг хэлбэрийн шар байшингийн төлөөх аваа, өгөөний тэмцэл дуусах янзгүй. Хувьчилсан, нураасан гэх маргаан чи, би, чинийх минийхдээ хүрч хурцадсан ч өнөөх шар байшин өнгөрч одсон 40 жилийн түүхийг өгүүлэн буй бүхнээрээ дүнхийсээр л. Өнгөрч явах нь ээ, “Энэ байшин хэлтэй бол юу ярьж хэнийх нь талд дуугарах бол” гэх хэрэггүй бодол толгойд эргэлдэнэ. “Төдийгөөс өдийг хүртэл тэр юу туулсан бол. Тэмээ нь тэгээд бас баавгай нь хаачсан бол” гэх адгуу асуулт ч хариулт нэхнэ.

 

Монгол Улс ЦИРКтэй болов

 

Циркийн жүжигчин, алиалагч Д.Цэдэнбал

 

1941 онд анхны циркчин Ж.Раднаабазар, зөвлөлтийн мэргэжилтэн А.М.Волошин нар монголын циркийн үндсийг тавьсан гэдэг. Түүнээс өмнө 1935 онд МХЗЭ-ийн Төв Хорооны дэргэд байгуулагдсан Уран биеийн тамирын сургууль, 1939 онд Улсын хөгжимт драмын театрт нээгдсэн циркийн анги, 1940 оноос хичээллэж эхэлсэн Циркийн сургууль зэрэг нь Монголд үндэсний цирк бий болох үндэс суурь болсон гэж үздэг.

 

Монгол Улс ЦИРКийн байртай болов

 

 

Анх 1971 онд одоогийн “Аса цирк”-ийн барилгыг Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулж байжээ. Циркийн барилгын зураг төслийг архитекторч Б.Шархүү хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэй гаргаж, 1750  хүний суудалтайгаар төлөвлөсөн байна. Ингэж Монголын циркчид бэлтгэл, сургуулилтаа хийж, уран бүтээлээ толилуулах байртай болов. Энэ байранд 1971 оноос 2007 он хүртэлх хугацаанд 30-аад ажилчин, 200 орчим уран бүтээлч, 40 гаруй мал, амьтан. Долоо хоногт ес, жилд 1400 удаагийн тоглолт хийж, жилд 890 мянган хүнд урлагийг, инээдийг, гоо зүйг ерөөс гоё, сайхан бүхнийг үзүүлдэг байв.

 

Монгол Улс ЦИРКээ хувьчлав

 

Гэрэл зургийг MPA.mn

 

2006 онд циркийн үйл ажиллагааг явуулах 350 сая төгрөгийг улсын төсвөөс гаргаж чадахгүй нөхцөл байдал үүсэв. Иймд менежментийн хувьчлал зарласнаар “Аса групп”, “Их цирк”, “Монгол цирк” гэсэн гурван баг өрсөлдөж менежментийн төлөвлөгөө, цаашдын хөгжлийн стратегаа танилцуулжээ. Тухайн үед хувьчлалд оролцогчдын циркийг хөгжүүлэх санхүүгийн саналыг сонирхвол “Их цирк” баг 5.2, “Монгол цирк” баг  4.4, “Аса” баг 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээ мэдэгджээ. Төрийн өмчийн хорооны шинжээчдийн багийн дүгнэлтээр тухайн үеийн босго оноонд хамгийн ойр үнэлгээ өгсөн гэсэн үндэслэлээр “Аса” багийг шалгаруулжээ. Энэ ялалт анхнаасаа л маргаан дагуулж тухайн үеийн Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар “Өвөрхангайнх” байсантай нь холбоотой гэж тендерт оролцогчид хэлж байжээ. Өнөөдөр ч өөр нэг эх сурвалж “Сугар Японд эмчлүүлж өгснийх нь хариу болгож менежментийн хувьчлалаар Улсын циркийг Д.Долгорсүрэнгийн хүүхдүүдэд бэлэглэчихсэн” гэж ярьсан. Ямартай ч ТӨХ-ны тендерийн комиссын шийдвэрээр 2007 оны нэгдүгээр сарын 9-нд “Аса” ХХК худалдан аван авснаар Улсын цирк 100 хувь хувийн өмчид шилжсэн.

 

Монгол ЦИРКчид гудамжинд гарав

 

Менежментийн хувьчлал зарлахдаа циркийг зориулалтынх нь дагуу ашиглаж, үйл ажиллагааг нь хэвийн явуулах болзол тавьжээ. Харамсалтай нь циркийн урлагт насаараа зүтгэсэн хүн “Аса цирк”-рүү орох эрхгүй болов. Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Норовсамбуу гуай  өдгөө Монголын Үндэсний АСА циркэд ажилладаг. Ажилладаг биш түрээслэдэг гэвэл илүү оновчтой гэж ахмад циркчин гомдож сууна. Бяцхан шавь нар нь “Аса цирк”-т төлбөр төлдөг. Энэ төлбөрөөр багшийг цалинжуулаад үлдсэнг нь “АСА цирк” авдаг гэнэ. Харин насанд хүрсэн шавь нар нь Монголын Үндэсний АСА циркт харьяалагддаг ч тэд гадаад улсад тоглолтод оролцоод ирэхэд нь талбай ашиглаж бэлтгэл хийсэн шалтгаанаар орлогын 10 хувийг авдаг тухай багш нь  шавь нарынхаа өмнөөс өмөлзөв.  Ингээд байргүй циркчид гадаад явах нь явж, бууриа сахиж үлдсэн хэд нь алтан манежаа түрээсэлж аль эсвэл АСА циркийн булан тохойд байрлах цэнгээний газарт чаддаг юмаараа хоолоо олж идэж буй гэнэ.

 

АСА юу хүлээж авав?

 

 

Циркийг хувьчлахаас нь өмнө ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч хийж байсан “Шинэ цирк” төвийн захирал, найруулагч Д.Зоригт “Миний бие 2007 оны нэгдүгээр сард циркийн үйл ажиллагааг хүлээлгэж өгөхөд Монголын үндэсний цирк юм юмтай байсан. Циркийн амьтад хөгширч үхсэн гээд байгаа. Гэтэл найман ширхэг залуу адуу, гурван баавгай, нохой гээд залуу ан амьтан олон байсан шүү дээ. Тэнд найруулагч, туслах найруулагч, зураач, туслах зураач, оёдолчин, цахилгаанчин, мужаан,  бүжиг дэглээч, дархан гээд бүхий л мэргэжлийн улс ажилладаг байсан. Мөн 50 гаруй уран бүтээлч цалин авдаг, 80 уран бүтээлч гэрээгээр ажилладаг, 50 толгой мал, ан амьтантай, хоёр ээлжээр ажилладаг байсан юм. О.Машбат, Д.Зоригт, Н.Батмөнх, Ю.Хүрэлбаатар, Х.Хатанбаатар гэсэн циркийн урлагийн мэргэжлийн таван найруулагчтай байлаа” гэж дурссан.

 

 

1971 онд Монголын анхны нугараач гэдэг утгаар Т.Цэнд-Аюушид, хилийн чанадад Монголын урлагийг сурталчилсан гэдгээр нь Д.Мажигсүрэнд, Монголын уран нугаралтын сонгодог трюкийг биеэрээ бий болгосон гэж Б.Норовсамбууд Төрийн шагнал өгсэн билээ. Циркийн амьтдын мөрийг “хөөж” Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Норовсамбуу гуайтай хуучиллаа.

 

Тэр “Манайхыг хүмүүс нэгдлийн хэмжээний аж ахуйтай гэдэг байлаа” гэж санааа алдана лээ. “Хотоос холгүй 124 гэдэг газар циркийн амьтдыг малчид хариулдаг байлаа. 10 орчим тэмээ, дөрвөн ямаа, 16 морь байсан. Нохойны номер үзүүлдэг байсан учраас 10-аад нохойтой. Бас жижиг амьтдын номертой байсан. Үнэг, дорго, сармагчин, 4-5 баавгай, таван сарлаг ч байсан. Циркийн амьтдаа хөгширөхөөр нь 124-т аваачиж сэлбэдэг байлаа. Ажилдчаа хониор шагнана. Ийм л мал аж ахуйтай байсан даа. Одоо циркийнх гэх нэг ч амьтан үлдээгүй. Амьтдад тэжээл, арчилгаа шаардлагатай. Бас маллагч хэрэгтэй. Тийм учраас мөнгөө бодоод хувьчлалаас хойш циркийн амьтдыг Өвөрхангай руу туугаад явсан гэж ярих юм билээ. Би хувьчлал явагдах үед Монголд байгаагүй учраас тодорхой мэдэхгүй байна. Зарим амьтдыг алсан ч сураг сонсогдсон. Харин циркчид морьдоо аваад тусдаа гарсан юм билээ” гэж Б.Норовсамбуу гуай ярилаа.

 

АСА юуг үгүй хийв?

Гэрэл зургийг MPA.mn

 

Төрийн шагналт, ахмад уран нугараач нэг зүйлд маш их харамсч буйгаа хэлж байна. Циркийн урлаг хөгжсөн 65 жилийн турш нэг жилийн хугацаанд дөрвөн программаар тоглолт хийхэд номер бүгдэд шинэ хөгжим зохиодог байсан. Г.Бирваа, Л.Мөрдорж гээд түүхэн хүмүүс номер бүрт зориулж хөгжим бичдэг байжээ. Эдгээр хөгжмийн нотыг циркийн хөгжмийн архивт хадгалсан байж. Харамсалтай нь энэ бүгдийг “АСА” шатаачихжээ. Үүнд маш их харамсч буйгаа ахмад циркчин хэллээ. “Оюуны өмчийг АСА групп устгачихсан. Тэр бол төлж баршгүй түүх шүү дээ. АСА групп түүх устгаж нүгэл хийсэн” гэж хэлэхдээ хоолой зангируулав.

 

“Хананд өлгөөстэй байсан үе үеийн алдартнуудын гэрэл зураг. Олон улсын тэмцээнээс хүртсэн, дэлхийд Монгол гэх нэрийг дуурсгаж явсан үеийн үнэ цэнэтэй цом. Хувцас, сургалтын хэрэгслүүд хаана байгаа юм, бүү мэд” гэж хэлэхдээ циркийн урлагт насаараа зүтгэсэн буурал дахиад л сэнхийтэл санаа алдсан.

 

Дэлхийн Залуучууд Оюутны Наадам, Монте Карло, Гавана, БНАСАУ, БНХАУ, Шведэд болсон Олон улсын циркийн наадмуудаас монгол циркийн үзүүлбэрүүд нь алт, мөнгө, хүрэл медаль, тусгай шагнал олныг хүртэж байсан. Монголын циркчид дан ба хос акробат, шидэх тэнцвэр, газрын ба агаарын гимнастик, агаарын нислэг, илбийн үзүүлбэр, тэмээтэй жонглёр, уран нугаралт, алиалагчийн үзүүлбэр, хүнд жингийн гайхамшиг, сургуультай амьтдын үзүүлбэр, морьтны гайхамшиг, дээстэй үсрэлт зэрэг тоглолтыг үзэгчдэд толилуулж ирсэн. Энэ цаг хугацаа 2007 он буюу хувьчлалаас өмнөх он жил.

 

Багшийнхаа бас өөрийнхөө олон улсын тэмцээнээс хүртсэн шагналыг хог бөөгнүүлсэн жижигхэн өрөөнөөс олж авсан. Харин ширээгээ олж чадаагүй гэж Б.Норовсамбуу гуай ярилаа.

 

АСА юу хийчих вэ?

 

Гэрэл зургийг MPA.mn

 

О.Магнай ШӨХТГ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа 2014 онд Аса аваргатай хэдэнтээ “тэрсэлдсэн”. Тухайн үед ШӨХТГ-аас АСА циркт тавьсан зөрчил арилгах үүрэг даалгаварт

 

-Циркийн үйлчилгээ, үйл ажиллагааг хувьчлан авахаас өмнөх байдалд хүрсэн түвшинг бууруулахгүй байдлаар удирдан зохион байгуулж хэрэглэгчдийг циркийн урлагийн үйлчилгээгээр хангаж ажиллах,

 

-Циркийг хувьчилж авах үед буюу 2008 оны 7 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Улсын циркийг худалдах, худалдан авах гэрээний 1.7-т заасан тооноос цөөнгүй циркийн урлагийн ажилтан, уран бүтээлчийг байнгийн ажлын байраар хангах,

 

-Өөрийн орон тооны бус циркийн урлагийн уран бүтээлчдийг циркийн урлагийн бэлтгэл, сургуулилт хийх, үзүүлбэр, тоглолт хийх боломжтой байраар хангахдаа циркийн урлагийн нөхцөлд тохирсон, биелүүлж болох нөхцөлийг тавих,

 

-Менежментийн АСА багийн Улсын циркийн 2007-2011 онд хөгжүүлэх стратеги ба бизнес төлөвлөгөөнд циркийн тоглолтын тоо хэмжээг жил тутам 64-109 удаа байхаар төлөвлөсний дагуу хийж хэрэглэгч олон нийтэд хүргэх. Ингэхдээ 2014 оныг дуустал циркийн урлагийн тоглолтыг нийт 48-аас доошгүй удаа хэрэглэгч олон нийтэд хүргэсэн байх,

 

Түүнчлэн циркийн үйл ажиллагаанд шалгалт хийж, циркийн барилгыг зориулалтын дагуу ашиглаагүй, ажилчдын тоог бууруулсан, циркийн тоглолт явуулахгүй байгаа зэрэг зөрчил дутагдал гаргасан гэж мэдэгдэж, эдгээр зөрчлүүдийг 2015 оны нэгдүгээр сар гэхэд арилгаагүй тохиолдолд циркийн хувьчлалыг цуцлах хүртэл арга хэмжээ авахаар холбогдох байгууллагуудад хандана гэдгээ О.Магнай дарга мэдэгдэж байв. Хариуд нь Д.Дагвадорж аварга “Төрийн ажлыг хувийн амбийцаар хийнэ гэвэл чамтай хатуу тэмцэнэ шүү. Чи шантаажилж байгаа бол чадахгүй шүү” гэсээр тэдний тэмцэл хэдэнтээ үргэлжилсэн ч тэгсхийгээд намжсан.

 

АСА-гаас бид юуг хүлээх вэ?

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Өнөөдөр циркийг зорилоо. Бөөрөнхий шар дээвэр бүүдгэр саарал өнгөөр солигдож, ногоон хучлагатай сараалжин төмрүүд сэтгэлд “хүйтэн” харагдана. Хана дүүрэн “Барилгын ажил явагдаж байна” гэсэн анхааруулах тэмдэг наажээ.

 

“Аса” циркийнхэн Монгол Улсын Консерваторийн удирдлагад 2021 оноос өмнө циркээ ашиглалтад оруулна гэх утгатай албан бичиг илгээж он дуусахаас өмнө засвараа дуусгаж, мэргэжлийн циркчдийг бэлтгэл сургуулилт хийх боломжоор хангана гэж мэдэгджээ. Хэрэв энэ үг үнэн бол Монгол Улс дахин цирктэй, циркчид байртай болох нь...

 

Г.ТЭГШСҮРЭН

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Dagvaa avarga tuhain yed ariin halgaar hudaldaj avaagyi tur uuruu byruutai jyjigchid bygd gadaadad garaad yzeh hyngyi 350 saya-g tur diilehee baigaad huvichilahaar ni ene hyn munguteiguuruu avaa biz dee.odoo bolohoor avargad buruu uguud icheesei.tsirkchid bygd gadaadad toglood hayad yavsan bj odoo butsaj irchiheed yu yariad bnaa.ezen ni yumaa medeh ni zuv
2020-10-22
зочин:
Дагвадорж бол зүгээр л дээрэмчин. Учир нь Монголын ард түмний хөлс, хүчээр боссон циркийн барилгыг хэдэн халтар төгрөгөөр залилаж авсан. Тэр Монгол улсад ямар ч нийгмийн баялаг бүтээгүй хүн. Тэр харин Монгол улсын нийгмийн баялагийг (циркийн барилгыг)дээрэмдэж авсан дээрэмчин этгээд.
2020-10-22
Хувьчлалын үнэн нүүр царай, төр менежментээр өгөөд мартсан, төр буруугаа засах болжээ, иргэд харсаар...
2020-10-22
Yag unen. Zoriulaltaar ni uil ajillagaa yavuulaagui geej tur erguulen avaachee.
2020-10-22
Иргэн:
Ymar geech huiten setgeltei haranhui buduuleg humuus ve Tuuhiin gerch bolson ter shagnal tsom zuragnuudig hogtoi hutgaj Mongolin aguu hugjmiin zohiolchdin eh nootuudig shataaj bdg Iim nugliig oyun uhaan n bolovsroogui haranhui humuus l Setgel uvduh yumguigeer hiine dee Yostoi aimshig !
2020-10-22
Иргэн:
Шуналын туламууд. Хувьчлал гэж зааван зүйлийг ардчилал гэж ярьсан хулгайчууд эхлүүлсэн олон үйлдвэр, цэх, байгууллагуудыг үнэгүйдүүлж авсан байдаг. Бүгд улс төрч болсон.
2020-10-22
Монгол төр ганц циркээ худалдчисан байна:
Төр циркчдэд шинэээр цирк барьж өгөөчээ. Хотоос зайдуу байвал зүгээр
2020-10-22
Үнэнийг нь хэллээ:
Za daa Mongold Tor gej algadaa Zirk zirkiin gadna gazar talbai ! Hotiin darga nar ergen toirnii Gazriig ni zarj urj Luiwardaj heden haltar togrog olson ni baas bolood garsan odoo Ter etgeeduudiig barij awch yl asuuh bolson baimaar !
2020-10-22
ҮНЭН:
АСА цирк гэж ерөөсөө байгаа ч үгүй, байх ч үгүй. Харин 80 жилийн түүхтэй,дэлхийд 3-т эрэмлэгдэх Монголын үндэсний цирк байх ёстой.Дэлхийн болон үндэсний сонгодог урлагийг аваад явчих мэдлэг боловсрол, ёс зүй, сэтгэл зүрхгүй хүнээс цаашид юу ч горьдоод нэмэргүй.Үндэсний болон нийтийн эрх ашгийн төлөө циркийг төрийн мэдэлд авах хэрэгтэй.
2020-10-22
Yag unen. Zoriulaltaar ni uil ajillagaa yavuulaagui geej tur erguulen avaachee.