Д.Баатарсайхан: Азтай нь биш, уншсан хүн л төрийн албаны шалгалтад тэнцэнэ
2020-11-02

Засгийн газар, Улсын байнгын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй коронавирус тархах эрсдэл, хорио цээрийн дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжтэй холбогдуулан энэ оны хоёрдугаар сарын 7-ноос 17-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн төрийн албаны ерөнхий шалгалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан. Ерөнхий шалгалтыг энэ сарын 4-ны өдөр улс, орон даяар зохион байгуулах бөгөөд шалгалтад оролцохоор 16218 хүн бүртгүүлжээ. Энэ удаагийн шалгалтын онцлог, бэлтгэл ажлын талаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн, төрийн албаны ерөнхий шалгалтын төв комиссын дарга  Д.Баатарсайхантай ярилцлаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Энэ удаагийн ерөнхий шалгалтын онцлогийн тухай тодруулахгүй юу?

 

-Төрийн албаны хууль 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс шинэчилсэн найруулгаар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэ хуулийн гол онцлог нь өмнө “төрийн албанд орох иргэний шалгалт” гэдэг ерөнхий нэг агуулгатай байсан бол ерөнхий болон тусгай шалгалттай болсон. Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдын удирдах албан тушаалд, төрийн үйлчилгээний албаны төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалт гээд өөр нэг шалгалтын журамтай. Түүнчлэн шатлан дэвших ажиллагааг зохицуулсан шалгалтын журмуудаар явж байгаа. Энэ жилийн шалгалтын тухайд комиссын оролцоо бага. Өөрөөр хэлбэл хүний оролцоогүйгээр цахим технологид суурилсан байдлаар явагдана. Ерөнхий шалгалтад оролцогчид гурван төрлийн шалгалт өгнө. Эхний хэсэгт хууль эрхзүйн мэдлэгийг шалгана. Үүний хажуугаар Монгол улсын түүх, нийгэм, эдийн засаг, соёлын асуултууд хавсаргасан байгаа. Хоёрдахь шалгалтын хүрээнд Монгол хэл, бичгийн ярианы болон бичгийн чадварыг сорьсон даалгаврууд байна. Үүгээр крилл бичиг, уламжлалт хуучин монгол бичгийн чадварыг шалгана. Гуравдугаарт, асуудал шийдвэрлэх хүрээнд логик сэтгэгээг сорьсон даалгаврууд ирнэ.

 

-Сорилын ном олдохгүй байна гэх гомдол цөөнгүй сонсогддог. Шалгалтад бэлтгэх боломжийг хэрхэн хангаж ажилласан бэ?

 

-Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэл ажлын хүрээнд шалгалтын гарын авлага номыг цахим хэлбэрээр хариутай нь өөрийн цахим хуудсанд байршуулж нийтэд мэдээлсэн. Мөн өдөрт 25-30 сорил даалгаврыг цахим хуудсандаа оруулж байгаа. Энэ нь шалгалтад бэлтгэж байгаа иргэд цахимаар өдөрт 25-30 сорил өөрийгөө бөглөн шалгах боломж олгож буй туслалцаа юм. Гуравдугаарт хөдөө, орон нутагт интернетээс хол алслагдсан иргэдэд зориулан шалгалтын гарын авлага номоо цаасан хэлбэрээр хэвлэсэн.

 

-Өмнөх шалгалтаар орон нутгийн иргэд тун хангалтгүй оноо авсан. Үүнд ямар шалтгаан, нөлөөлсөн бол? Сорилын ном, гарын авлагын хүрэлцээ хангалтгүй байна уу?

 

-Хөдөө орон нутаг руу цахимаар, цаасаар ч сорилын ном, гарын авлагыг явуулж байна. Хувь хүн  өөрөө “Би төрийн албанд орно” гээд зорьж л байгаа бол боломж нь бий. Хаана байгаагаас үл хамааран уншиж бэлтгэсэн хүн л тэнцэнэ. Хэн нэгнээс бэлэн зүйл хараад сууж байгаа хүн тэнцэхгүй шүү дээ. Би шалгалтын асуудал хариуцдаг хүний хувьд хэлэхэд  шалгалтын өглөө 08.30 цагт эхэлнэ гэж анхааруулаад байхад 08.31 минутад ирдэг. Тэгэхээр энэ жилийн шалгалтад цаг чанга барина. Бид сарын турш бүртгэл явуулж, 30 хоногийн туршид өдөр, шөнө ялгалгүй сервер ажиллаж байхад эхний 25-26 хоногт бүртгэлд хамрагдахгүй. Сүүлийн 3-4 хоногт олноороо бүртгүүлэх гэж сервер гацаадаг. Тэгээд биднийг бэлдсэнгүй гэж загнадаг. Дараагийн нэг асуудал шалгалт өгөхөөр бүртгүүлсэн Улаанбаатарын иргэн гэнэтхэн Өвөрхангай руу шилжинэ гэдэг. Бид цахимаар мэдээлсэн. Аравдугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд шилжилт хөдөлгөөнийг хийж өгье гэсэн. Харамсалтай нь 26-нд хуваарь мэдээлсний дараа “би шилжих байсан юм” гэдэг. Бид шалгалтыг зохион байгуулахын тулд тодорхой хэмжээний шинэлэг үйл ажиллагааг явуулж байна. Үүнийг албаар эсэргүүцэж байгаа мэт үйлдлийг иргэд гардаг. Цахимаар номоо гарга гэхээр нь цахим болгочихоор цаасаар гарга гэнэ. Ингэж зохион байгуулалттай юм шиг асуудал бидний өмнө тулгарч байдаг.

 

-Шалгалт өгсөн зарим иргэн “Ном цээжлээд байдаг гэтэл ирсэнгүй. Хэзээ ч тэнцэхээргүй даалгавар байсан” гэх нь бий. Сорилын агуулгын тухайд?

 

-Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд олон ажлуудыг зохион байгуулж байна. Япон., Солонгос, Сингапур улсын туршлагыг шалгалтын агуулгад нэвтрүүлж байгаа. Бусад оронд төрийн албан хаагчийн шалгалтыг голдуу хандлага, зан үйл, ярилцлагын хэлбэр дээр тулгуурлан явуулдаг. Харин манай монголд ийм хэлбэрээр явуулах боломж бүрдээгүй байна. Учир нь ярилцлагаар авах гэхээр цөөн хүн амтай учраас манай тэр, энэ шалгалтад орж байна, дэмжээрэй гээд хэлчихдэг. Гэтэл шалгуулагч нэг үг ч дугараагүй байхад өндөр оноо авч байсан тохиолдлууд өнгөрсөн жилүүдэд гарч байсан. Ерөнхий шалгалтын онцлог нь ярилцлага байхгүй. Зөвхөн шалгалтаар авна. Харин албан тушаалын буюу тусгай шалгалтад ярилцлагын шалгуур орж ирнэ. Өнгөрсөн жил бид нийт шалгалтад ирэх тестийн 40 хувийг жишиг байдлаар гарын авлагаар хэвлэн нийтэд зарласан. Үлдсэн 60 хувь нь тестийн санд буюу компьютерийн программд нууцаар хадгалагдаж байсан. Үүнийг манай иргэд, олон нийт унших юмаар дутмаг байна гэж шүүмжилдэг. Өөрөөр хэлбэл бид жишгийг нь гаргаж өгөөд бусдыг нь өөрөө холбогдох ном, товхимол, гарын авлагаас уншаад бэлтгэхийг хүсдэг.  Үүний цаана төрийн албанд үнэхээр мэдлэг чадвар эзэмшсэн албан хаагч оруулах гол зорилго бий юм.

 

-Уншиж байж л тэнцэнэ. Сохор азанд найдах боломжгүй, тийм үү? Та шалгуулагчдад хандан зөвлөгөө өгөхгүй юу?

 

-Төр чадварлаг боловсон хүчин, хүний нөөцтэй байх ёстой. Тиймээс төрийн албан хаагч болохын тулд өөрийгөө бэлдэх нь зүйтэй. Наад зах нь албан бичгийн төсөл бэлтгэдэг аргазүйд суралцсан байх, архив, албан бичиг хөтлөлтийн стандарт мэддэг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бичгийн цаасны хэмжээ хаанаас хэдэн см хэмжээтэй байх, өгүүлбэр хаана голлох, гарын үсэг, гарын үсгийн тайлал хаана байх, тамга, тэмдэг хаана дарагдахыг мэдэж байх ёстой. Энэ чиглэлийн үүрэг, даалгаврууд төрийн албаны сорил, даалгаварт орсон байдаг гэж л хэлмээр байна.

 

-Ярилцсанд баярлалаа.

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Odoo baigaa togloomiin turiin albiig tatah buulgaj heregtei.turiin albiig neg namiin daranguillaas salgah heregtei
2020-11-03
Иргэн:
Төрийн албаны зөвлөлийн ажилтнууд эхнэрүүддээ зөв талдаа шинэ машин авч өгч, хүүхдүүд нь үнэтэй дугуйланд явдаг юм байна лээ. Ийм их мөнгийг төрийн албан хаагч нар буруу замаар буюу хахуулиар авдаг нь ойлгомжтой. Шалгалтын материал задруулж, шалгалтанд тэнцүүлж өгдөг. Төрийн албан хаагч нар яагаад ийм тэнэг байдаг нь ийм л шалтгаантай.
2020-11-02
Ч:
Эх орон ч үзэл бодол, хүн чанар, ядуурал, ерөнхий эдийн засгийн мэдлэг гэх чиглээр ярицлага авах шаардлагатай!
2020-11-02
ОРК царайтай гэдэг нь:
Мөнхбаясгалан нь бас
2020-11-02
зочин:
азтай нь биш, уншсан нь ч биш, дээрээ татаастай эсвэл авилга өгсөн нь л тэнцэнэ дээ, угаасаа ойлгомжтой ш дээ
2020-11-02
зочин:
Төрийн албаны шалгалт гэдэг бол жонхуу, авилгал, танил тал, намын харъяалал гээд муу ёрын юмны цуглуулга юм. Хүн төрөлхтөн энэ төрийн албаны шалгалт гэдэг жонхуунаас салахын тулд "Мерит зарчим"-ыг гаргаж ирсэн. Мерит зарчмаар бол төрийн албаны шалгалт гэсэн жонхуу байдаггүй. Хүн мэргэжлийн өндөр мэдлэг, мэргэжлийн өндөр ур чадвар, мэргэжлийн ажлын туршлагаараа хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалан карьераар дэвшин ажилладаг зарчим юм. АНУ-ын төрийн албаны хульд үүнийг хуулчилж өгсөн байдаг. Үүнийг манай төрийн албаныхан ард түмнээс нуудаг. Тэгээд төрийн албанд төрийн албаны шалгалт нэрээр ах дүү, амраг садан, авилгал, хууль хахууль, намын харъялалаар хүмүүсийг шургуулдаг нь нууц биш.
2020-11-02
За худлаа шаахаа боль
2020-11-02