COVID-19: Германд дахин хөл хорио үйлчилж эхлэв
2020-11-02

Коронавирусийн халдварын улмаас Германд 11 дүгээр сарын хоёрны даваа гарагаас эхлэн дахин хөл хорио үйлчилж эхэлжээ. Цар тахлын үед хүн амыг хамгаалах арга хэмжээнүүдийг шинэчлэх талаар Германы Засгийн газар болон холбооны эрх баригчид өнгөрсөн сарын сүүлээр тохиролцсон юм. 

 

Шинэ хязгаарлалтын арга хэмжээнүүд нь 11 дүгээр сарыг дуустал үргэлжлэх бөгөөд тахлын нөхцөл байдлаас хамаарч сунгах эсэхийг шийдвэрлэх юм байна. Ийнхүү шинээр хориг тавьснаар өнөөдрөөс Германд бүх зоогийн газар, баар, нийтийн хоолны бусад бүх газрууд хаагджээ. Гэхдээ эдгээр хоол үйлчилгээний газрууд авч явах захиалга гаргах боломжтой гэнэ. Мөн бүхий л спортын клуб, шивээсний салон, усан сан, театр, кинотеатр хаагдаж, хөл бөмбөгийн тоглолтууд үзэгчидгүй зохион байгуулагдахаар болсон байна.

 

Өнгөрсөн хавар авч хэрэгжүүлсэн хөл хорионоос ялгаатай нь энэ удаад боловсролын бүхий л байгууллагууд хэвийн горимоор ажиллах гэнэ. Түүнчлэн эрүүл ахуй, хүн хоорондын зай баримтлах журмыг мөрдөн үсчин, дэлгүүрүүд хэвийн ажиллах юм байна.

 

Мөн Германы ихэнх бүс нутгуудын эрх баригчид гадаадын жуулчдыг даваа гараг хүртэлх хугацаанд зочид буудлаас гарч, эх орондоо буцахыг шаардаж байжээ.

 

Берлиний эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн тооцоолсноор Герман даяар дахин хөл хорио тавьснаар тус улсын эдийн засагт 19,3 тэрбум еврогийн хохирол учирж болзошгүй гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин