Л.Мөнхтүшиг: Өнөөдрийн байдлаар гадаадад 200 иргэн ял эдэлж байна
2020-11-03

 

ГХЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ГХЯ-Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

-БНСУ-руу визгүй зорчино гэсэн мэдээлэл гарч байна. Энэ талаар?

 

-Монгол Улс БНСУ хооронд визгүй зорчих асуудлаар төрийн өндөр дээд түвшинд хийж буй айлчлалуудын үеэр тогтмол ярьдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхэд тодорхой цаг хугацаа шаардлагатай. Учир нь БНСУ-д манай улсын 47 мянган иргэн оршин суудаг.  Энэ нь визтэй холбоотой гаргаж байгаа зөрчилтэй шууд холбоотой байдаг учраас яриа хэлэлцээрийг тодорхой үр дүнд хүргэх үүднээс 2018 оноос эхлээд БНСУ-ын талтай “Хариуцлагатай аялцгаая” аяныг өрнүүлж, иргэд зорчих нөхцөлийг шат дараатай яриа хэлэлцээр хийж байгаа. Одоогоор визгүй болох асуудлыг эцэслэн шийдээгүй, яриа хэлэлцээрийн шатанд байгаа. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд Монгол Солонгосын хооронд зорчиж байгаа иргэдийн урсгал аль аль талдаа нэмэгдэж өнгөрсөн оны сүүлээр 200 мянгыг давсан. Энэ бол виз олголттой холбоотой тодорхой ахиц гарч байгаагийн жишээ юм.

 

-Гадаад байгаа монголчууд гэмт хэрэгт холбогддог. Өнгөрсөн жилийн хугацаанд  гэмт хэрэгт холбогдох нь хэр байсан бэ?

 

-Гадаадад байгаа иргэдийн хувьд гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаа мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас ирсэн мэдээллийг авдаг. Энэ мэдээгээр өнгөрсөн онд манай улсын 1500 иргэн гэмт хэрэг зөрчилд холбогдсон байсан. Өмнөх жилүүдийн  жишиг ч үүнтэй адилхан. Энэ онд коронавирус цар тахлын хязгаарлалттай холбоотойгоор гадаадад зорчих боломжгүй. Үүнтэй холбоотой гэмт хэрэг зөрчилд холбогдсон иргэдийн тоо огцом буурсан. Албан ёсны мэдээгээр 200 орчим иргэний асуудал байна. Манай улсын иргэд олноор оршин суудаг БНСУ, БНТУ, Европын зарим улсуудад байгаа иргэдийн асуудал байна. Нийт гэмт хэрэгт холбогдож байгаа иргэдийн 40 орчим хувь нь хулгайн гэмт хэрэг эзэлдэг. Өнөөдрийн байдлаар гадаадад 200 иргэн ял эдэлж байгаа. Үүнээс хар тамхитай холбоотой гэмт хэргээр 45 иргэн байгаа.

 

-Монголоос  гадаад улс орон руу явах хүсэлт их байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ? 

 

-Цар тахлын улмаас хилээ бүрэн хаасан шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Сүүлийн 15 хоногийн хугацаанд улс орнууд хилийн хязгаарлалтыг илүү чангатгаж байгаа. Энэ үед дэлхийн ихэнх улс өөрийн улсын иргэнээс гадна тухайн улсад байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлж байна.  Хүмүүнлэгийн шугамаар шаардлагатай тохиолдолд өнгөрсөн хугацаанд БНСУ, БНХАУ-руу явах боломжийг нээж өгсөн. 

 

Холимог гэр бүлийн асуудал өнгөрсөн зунаас эхлэн яригдсан. Олон удаагийн яриа хэлэлцээрийн үр дүнд шат дараатай хилээр  гарах ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн баасан гарагт албан ёсны гэрчилгээтэй 50 иргэнийг нэвтрүүлсэн. БНХАУ-ын талаас цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хилээр нэвтрүүлэх иргэдийн тоонд  хязгаарлалт тавьж байгаа. 

 

Япон улсад оршин суух зөвшөөрөл нь гарсан буюу аравдугаар сарын 01-нээс эхлэн виз олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Япон улсад зорчих визээ авсан 1200 гаруй иргэн байгаагаас аравдугаар сард хоёр удаагийн нислэгээр 500 иргэн явсан. Энэ сард хоёр удаагийн нислэг төлөвлөсөн байсан. Виз нь гарсан хүмүүсийн хүсэлтийг харгалзан нэг нислэг нэмж хийхээр болсон. 

 

-Цар тахлын энэ үед гадаадад  манай улсын хичнээн иргэн нас барсан бэ? 

 

-Хилийн чанадад зорчиж байгаа монголчуудын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотой эрүүл мэндийн эрсдэл нэмэгддэг. Жилдээ 120 орчим хүн хилийн чанадад нас барж байна. Долоо хоногт 1-2 хүн нас бардаг. Энэ бүх мэдээллийн Элчин сайдын яамдаар дамжуулж аваад ар гэрийнхэнд нь хууль тогтоомжийн хүрээнд шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлдэг.

 

Гадаадад гацсан иргэдтэй холбоотой асуудлаар ГХЯ УОК-оос гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд УОК-ын Шуурхай Штабтай ажиллаж ирсэн. АНУ-д манай улсын 25 мянган иргэн оршин суудаг. Гадаадад байгаа иргэдэд туслалцаа үзүүлэх асуудлаар зөвхөн улсын төсөв, хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангаас дэмжлэг үзүүлэхэд хангалтгүй гэдэг нь тодорхой байсан учраас  олон улсын байгууллагуудтай гэрээ хэлцэл явуулж байсан. Үүнээс өнөөдрийг хүртэл тусламж дэмжлэг үзүүлж байгууллага бол ОУШХБ. Аравдугаар сарын нислэг үйлдэхээс өмнө 315 иргэнийг эх оронд нь ирэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Энэ байгууллагын шугамаар тиз ээ аваад ирж байгаа хүмүүсийн тусгаарлах байрны зардлыг УОК-ын даргын шийдвэрээр хандив тусламжаар бүрдсэн 300 сая төгрөгийг зарцуулах ажлыг албан ёсоор эхлүүлж байгаа. Бид энэ мөнгийг олгох шийдвэр гаргахдаа НҮБ статустай, энэ чиглэлээр мэргэшсэн олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулсан. Тиймээс 2,5 орчим тэрбум төгрөг гадаадад гацсан иргэдийг татан авах, БНТУ-д байгаа 200 орчимд иргэнд амьжиргааны зардалд нь дэмжлэг үзүүлсэн. Гадаадад байх хугацаандаа нас барсантай холбоотой мэдээллийг ГХЯ шууд хариуцдаггүй. 

 

М.Насан

 

Shuud.mn
Сонин хачин