Буриадад COVID-19 халдвартай хүмүүст зориулж тусгай такси гаргана
2020-11-03

 

Буриадын нийслэл Улаан-Үд хотод тусгай такси үйлчилгээ бий болгож байгаа бөгөөд гэрээрээ эмчлүүлж байгаа коронавирусийн халдвартай хүмүүс энэ такси үйлчилгээг авч болох гэнэ. Зохих үүргийг Буриадын тэргүүн Алексей Цыденов Тээвэр, Эрүүл мэндийн сайд нар болон Улаан-Үд хотын даргад өгсөн гэж Regnum агентлаг мэдээлжээ.

 

"Өвчтөн компьютер томографын хариу авах эсвэл амбулаторийн оношилгоонд очих шаардлагатай болвол түргэн тусламжийн машин мэдээж очихгүй. Учир нь эмнэлгийн яаралтай тусламж биш тээврийн үйлчилгээ шаардагдаж байгаа учраас тэр. Халдвартай хүн нийтийн тээврээр зорчихгүй нь мэдээж. Тиймээс тусгай такси үйлчилгээ хэрэгтэй" гэж Алексей Цыденов мэдэгдсэн байна. 

 

Буриадын Тээврийн яамны мэдээлснээр, тусгай такси үйлчилгээний төлбөр олон хүүхэдтэй гэр бүл болон өндөр настнуудад нийтийн тээврээр зорчих үнээр үйлчлэх юм байна. Таксины жолооч нарт цалин олгохын дээр түлшний зардлыг ч өгөх гэнэ.

 

Буриадад халдварын тоо эрчимтэй нэмэгдэж, биеийн байдал нь хөнгөн байгаа хүмүүсийг гэрт нь тусгаарлан эмчилж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор сайн дурынхан өвчтөнүүдэд коронавирусийн халдварыг эмчлэх үнэ төлбөргүй эм хүргэж өгөхийг даалгажээ. Журам ёсоор олон хүүхэдтэй гэр бүл болон өндөр настнууд үнэ төлбөргүй эм авах эрхтэй бөгөөд эмнэлгүүд сайн дурынханд өвчтөнүүдийн нэрсийн жагсаалт, хаягийг өгөх аж. Сайн дурынхан жагсаалтын дагуу эмнэлгүүдийн эмийн сангуудаас эмийг авч, хаягаар хүргэдэг болжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин